Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) дэлхийн дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол 2027 оны эхний хагаст ч үргэлжилж болзошгүйг анхаарууллаа. Ойрх Дорнодын мөргөлдөөн, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд чиглэсэн Украины дроны халдлага нийлүүлэлтийг бууруулж, түлшний үнийг огцом өсгөжээ.
Хямрал 2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иранд цохилт өгч эхэлснээс хойш эрчимжсэн юм. Ормузын хоолойгоор дамжих газрын тос, нефтийн бүтээгдэхүүний тээвэр саатсанаас гадна Оросын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсон нь дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх дизель түлшний хэмжээг бууруулжээ. ОУЭХА-ны мэдээлснээр, зөвхөн есдүгээр сард Ойрх Дорнод болон Оросоос нийлүүлэх дизель түлшний хэмжээ өдөрт нийт 1.3 сая баррелиар буурсан нь дэлхийн жилийн эрэлтийн ойролцоогоор 4.5 хувьтай тэнцэж байна.
Дизель түлшний үнэ огцом өсөв
Дизель түлшний үнэ дайны өмнөх түвшинтэй харьцуулахад эрс нэмэгджээ. Тухайлбал, Герман, Францад хоёрдугаар сарын 27-нд литр дизель түлш ойролцоогоор 1.80 евро байсан бол есдүгээр сарын дунд үед 2.40 евро орчим болж өссөн байна. Германд есдүгээр сарын 16-нд нэг литр дизель түлшний дундаж үнэ 2.453 еврод хүрч, тухайн үеийн түүхэн дээд түвшинд хүрчээ.
АНУ-д ч мөн үнэ огцом нэмэгдсэн байна. Дайны өмнө нэг галлон дизель түлш 3.76 ам.доллар байсан бол есдүгээр сарын 21-ний долоо хоногт 6.53 ам.доллар болж, 74 орчим хувиар өсжээ. Аравдугаар сарын 12-ны байдлаар үнэ 6.18 ам.доллар болсон ч өмнөх түвшнээс өндөр хэвээр байв.
ОУЭХА-ны тооцоогоор, дизель түлш боловсруулах үйлдвэрүүдийн ашиг буюу түүхий газрын тосны үнээс давсан боловсруулсан бүтээгдэхүүний үнийн зөрүү есдүгээр сард баррель тутамд бараг 95 ам.доллар хүрч, дээд түвшинд очсон байна. Энэ нь түүхий газрын тосны үнэ өсөхөөс гадна боловсруулах хүчин чадал, нийлүүлэлт хязгаарлагдсаныг харуулж байгаа юм.
Хомсдол эдийн засагт дарамт учруулж байна
Дизель түлшийг ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэр, цахилгаан үүсгүүр зэрэг олон салбарт өргөн ашигладаг. Иймээс түлшний үнэ өсөх нь тээвэрлэлтийн болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэлтэй. ОУЭХА өндөр үнэ нь иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн идэвх, инфляцад аль хэдийн дарамт учруулж байгааг онцолжээ.
Агентлагийн мэдээлснээр, дэлхийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа оны сүүлээр сэргэж, нөөцөө нөхөж эхлэх төлөвтэй байгаа ч энэ нь хуримтлагдсан нийлүүлэлтийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй. Тиймээс дизель түлшний зах зээл 2027 оны эхний хагаст хүртэл хомс хэвээр байж, оны хоёрдугаар хагаст аажмаар сэргэх төлөвтэй байна.
ОУЭХА улс орнуудыг стратегийн нөөцөөс газрын тос, дизель түлш гаргах арга хэмжээг зохицуулан хэрэгжүүлж байгаа ч Ойрх Дорнодын мөргөлдөөн намжихгүй, тээврийн замын аюулгүй байдал сайжрахгүй тохиолдолд нийлүүлэлтийн эрсдэл цаашид үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.


