horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Ням-Очир: 1 багшид 18-19 хүүхэд оногддог байсан бол 21 болж нэмэгдсэн

post-img

Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Багшийн сул орон тоо, дутагдал, хангалт гэсэн ойлголтыг ялгаж харах ёстой. Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар, багшийн тоо 37.3 хувиар өсөж, 1 багшид ноогдох хүүхдийн тоо 18.8 байсан бол 21 болж нэмэгдсэн. 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэн. Үүний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн бол үлдсэн нь хүүхдийн тоо өссөнөөс шалтгаалсан шинэ ажлын байр. Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна. Цэцэрлэг, бага анги, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар илүүдэх төлөвтэй” гэж УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулж буй төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт оролцохдоо танилцууллаа.

Нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд “Байгалийн ухаан, англи хэл, технологийн багш хамгийн хомсдолтой байна. Багшийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах нэгдсэн цахим систем бий болгох саналтай байна. Багш бэлтгэх сургуулиуд англи хэлний шаардлагаа чангатгаж, багшийн нэр хүнд, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай” гэсэн бол 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Төгсөх курсийн оюутнуудыг бүтэн жилээр дадлагажуулдаг тогтолцоонд шилжих боломжтой” гэж санал болгов.

УИХ-ын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах “Улсын хэмжээнд 6354 багш дутагдаж байгаа гэсэн тооцоо гаргасан. Өнөөдөр багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш, оюутан багш нараар нөхөх зэргээр ажиллаж байгаа. Үүнээс болоод бодит хомсдолыг бүрэн гаргах боломжийг хааж байгаа. Багш мэргэжлээр суралцах өндөр оноотой элсэгчдэд цалинтай сургалт, гадаадын их сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зэрэг тусгай дэмжлэг хэрэгтэй. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа төгсөгчдийг буцааж авчрах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх цаг болсон” гэж санууллаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багшийн дутагдлыг түр нөхөх бус тогтолцооны түвшинд шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байр суурьтай байлаа.

0/1000