Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газар өнөөдөр тохиож буй Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судалжээ.
Эрх бүхий албан тушаалтнууд дээрх хугацаанд уг зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүний 160 буюу 37.9 хувь нь нийслэлд, 262 буюу 62.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байв.
Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан 202 зөрчил бүртгэгджээ. Энэ нь нийт зөрчлийн 47.9 хувийг эзэлж байна. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр хүнс үйлдвэрлэсэн, хадгалсан 2 зөрчил гарчээ. 385 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. Тэдний 210 буюу 54.5 хувь нь хуулийн этгээд, 175 буюу 45.5 хувь нь хүн байна.
Эдгээрийг нийт 759.2 сая төгрөгөөр торгожээ. Үүний 489.5 сая төгрөг буюу 64.5 хувийг төлсөн байна.

