horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Индонезийн ойн түймэр орангутануудын амьдрах орчныг сүйтгэж байна

post-img

Индонезийн Борнео, Суматра арлуудад сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй ойн түймэр дэгдэж, устах аюулд орсон орангутануудыг аврах ажиллагаа эрчимжжээ. Долдугаар сараас эхэлсэн түймэр Эль Ниньогийн хүчтэй нөлөөгөөр даамжирч, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүйг тус улсын Засгийн газар анхааруулсан байна.

Баруун Калимантан мужийн Кетапанг бүсэд байрлах орангутан аврах, нөхөн сэргээх YIARI төв наймдугаар сараас хойш 49 орангутан аварч, одоогоор нийт 90-ийг асран хамгаалж байна. Тус төвийн ажилтнууд дроноор түймэрт өртсөн бүсийг судалж, орангутан байгаа газрыг тогтоосны дараа малын эмч, аврагчдын хамт очиж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлдэг аж.

Түймрийн утаа Борнеог бүрхэж, Малайзын хойг болон Сингапур хүртэл тархсан бөгөөд зарим сургууль хаалгаа барьж, амьсгалын замын өвчлөл нэмэгджээ. Утаанд хордсон орангутануудын нэг болох Сампурна наймдугаар сарын 30-нд аврагдсанаасаа хойш 12 цаг хүрэхгүй хугацаанд үхсэн байна. Задлан шинжилгээгээр түүний уушги их хэмжээгээр харласан байсан нь амьсгалын замын хүнд гэмтэлтэй холбоотойг мэргэжилтнүүд тогтоожээ.

Индонезэд энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд 202 мянган га орчим газар түймэрт өртсөн байна. Харин төрийн бус байгууллагууд үүнээс хойш дахин 600 мянгаас доошгүй га талбай шатсан гэж тооцоолжээ.

Орангутан аврах төв одоогоор нүүлгэн шилжүүлсэн амьтдыг хүлээн авах хангалттай багтаамжтай байгаа ч түймэр үргэлжилбэл цаашид хүрэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Аврагдсан зарим орангутаныг түймрийн аюул багатай газарт буцаан тавьж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

0/1000