Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгаж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн, голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байна. Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа аж. Годронгоор 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ямаа өвчлөөгүй.
МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл Цогт сумын ЗДТГ, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт болон хууль зөрчсөн үйлдлүүдэд авах арга хэмжээний талаар мэдээлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгөв. Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байна.

