horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хакүхо Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгч боллоо

post-img

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Хакүхо Мөнхбатын Даваажаргал Олон улсын сүмогийн холбоо (International Sumo Federation-IFS) болон Азийн сүмогийн холбоо (Asian Sumo Federation)-ны ерөнхийлөгчөөр давхар сонгогдлоо.

Тэрээр аравдугаар сарын 16-нд Азербайжаны нийслэл Баку хотод болсон хурлаар уг албан тушаалд сонгогдож, “Тоёота Мотор” корпорацын ТУЗ-ийн дарга Акио Тоёдагийн халааг авсан байна.

1992 онд байгуулагдсан Олон улсын сүмогийн холбоо нь Японы уламжлалт сүмог дэлхий дахинд хөгжүүлэх, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, улс орнуудын үндэсний холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгууллага юм. Тус холбоо нь дэлхийн 80 гаруй улсын үндэсний холбоог нэгтгэсэн, сүмогийн олон улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог байгууллага билээ. Харин Азийн сүмогийн холбоо нь тус спортыг Азийн улс орнуудад хөгжүүлэх, тивийн тэмцээн уралдаан, үндэсний холбоодын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хакүхо их аварга ийнхүү дэлхийн болон Азийн сүмогийн холбоодыг зэрэг тэргүүлэх болсноор сүмогийн олон улсын хөгжлийг шинэ шатанд гаргах өргөн боломж нээгдэж байна.

Акио Тоёда 2025 оны есдүгээр сараас тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байхаар төлөвлөж байжээ. Харин өмнө нь холбооны зөвлөхөөр ажиллаж байсан Хакүход уг албан тушаалыг шилжүүлсэн байна.

Хакүхо 2021 онд мэргэжлийн сүмогоос зодог тайлж, Мияагино дэвжээний багш болсон ч 2025 оны зургаадугаар сард Японы Сүмогийн холбооноос гарсан юм. Түүнээс хойш сүмог олон улсад хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж, олон улсын өсвөрийн сүмочдын “Хакүхо цом” тэмцээнийг зохион байгуулсаар иржээ.

Тэрээр сүмог олимпын наадмын төрөл болгох зорилгыг дэмжиж байгаа бөгөөд дэлхийн улс орон, соёл, хэлний ялгааг даван сүмогоор дамжуулан хүмүүсийг нэгтгэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Хакүхо “Миний хувьд сүмо бол амьдрал өөрөө. Сүмогоор дамжуулан би шаргуу хөдөлмөрлөх, өрсөлдөгчөө хүндэтгэх, талархаж сурах, бэрхшээлтэй нүүр тулахыг сурсан. Одоо би сүмод хариу барих ээлж минь ирсэн гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Sumostats, Олон улсын сүмогийн холбоо.

0/1000