Катарын “Al Jazeera” телевизийн “101 East” эрэн сурвалжлах нэвтрүүлэг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд Малайзад хөнөөсөн хэргийн талаар хоёр ангит баримтат кино гаргажээ.
“Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй бүтээлд түүний амь насыг хөнөөсөн шалтгаан, хэргийн шүүх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал болон Малайзын шумбагч онгоц худалдан авсан хэлцэлтэй холбоотой сэжгүүдийг хөнджээ.
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт Малайзын тусгай хүчний хоёр цагдаа ял сонссон ч аллагын цаад шалтгаан, өөр хүмүүсийн оролцоотой холбоотой асуултууд олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак өөрийгөө уг хэрэгт холбоогүй гэж мэдэгддэг.
Баримтат киноны баг Монгол, Малайз, Франц, Австралид ажиллаж, хэргийн талаар дахин эрэн сурвалжилжээ.
Баримтат киног Al Jazeera-ийн албан ёсны сайтаас үзэх боломжтой.


