horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбуудайн урамшуулал үүргээ гүйцэтгэсэн ч тариаланчдын 1.2% нь л авч байна

post-img

Баавгай ичээндээ орох дөхлөө. Үүний өмнө тарга тэвээргээ авахаар хоол хайн бэдэрч, хүн суурьшсан бүсэд нэвтэрч, айлын гэр ухан, малд халдаж, хүн барьж, ад үзэгдэв. Өлссөндөө л тэр шүү дээ. 21 баавгай намначихлаа. Хаях юм байдаггүй юм гэнэ лээ. Буудуулсан, буудсан нь хуваагаад аваа биз.

Монголчууд бид ч дулаан хувцсаа өмсөж, ургацаа хураан, ногоогоо даршилж, өөр өөрийнхөөрөө өвөлд бэлтгэж эхэллээ. Манай улс ч 26.5 тэрбум төгрөгөөр 12 мянган тонн хүнсний ногоо, 80.7 тэрбумаар 62 мянган тонн улаанбуудай, 24.5 тэрбум төгрөгөөр 5 сая литр шатахуун, 10.1 тэрбум төгрөгөөр 20 мянган тонн мах нөөцлөх гэж байна. Зээлийн хүүгийн татаас, дэмжлэг, урамшуулал болгож өгөх энэ 150 тэрбум төгрөгийн 3.9 тэрбумыг нь улаанбуудайнд зарцуулахаар төлөвлөжээ.

Монгол Улс хэзээ, яагаад улаанбуудайн тариаланчдад урамшуулал олгодог болсныг эргэн саная.

2007 оны 7-р сард 1 тонн улаанбуудай Чикагогийн бирж дээр 250 ам доллар хүрч, 2008 оны 3-р сард 481 ам.доллар болж, тэнгэрт хадав. Тэр жил монголчууд жилд 298.468 тонн улаанбуудай хэрэглэдэг байв.2007 онд үүний 121.200 тонн (40%)-ыг л тариаланчид хураажээ. Ингээд Ерөнхий сайд С.Баяр хойд хөршөөс бадар барьж, ОХУ-аас 1 тн буудайг 450 мянган төгрөгөөр тооцож, 100 мянган тонныг авсан гэдэг.

Үүнээс сургамж авсан Монголын төр 2007 оноос тариаланчдад улаанбуудайн урамшуулал олгож эхэлжээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд үндэслэн, Засгийн газар 2007.09.19-нд 227-р тогтоол гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаар дамжуулан уг урамшууллыг олгож байв. Дотоодын гурилын үйлдвэр, улсын нөөц, ТЭДС-д нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний 1 тн буудай тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгов.

Намар нь ургац алдсан тариаланчид хавар нь тарих үргүй болсон тул 2008.04.11-нд ОХУ-аас 100 мянган тонн улаанбуудай авсан байна. Ингээд Засгийн газар “Атар 3” аян өрнүүлж, газар тариалангийн салбарыг сэргээжээ. УИХ 2009 онд Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тариаланчдад мөнгөн урамшуулал олгохыг хуульчилсан байна.

Улаанбуудайн урамшуулал олгох шийдвэр, 1 тн буудайд олгосон мөнгөн дүн

  • 2007.09.19 ЗГ-ын 227-р тогтоол, 60.000
  • 2008.12.03 ЗГ-ын 47-р тогтоол, 80.000
  • 2009.11.25 ЗГ-ын 350-р тогтоол, 50.000
  • 2012.10.06 ЗГ-ын 77-р тогтоол, 70.000
  • 2013.11.09 ЗГ-ын 366-р тогтоол, 150.000
  • 2015.01.26 ЗГ-ын 31-р тогтоол, 70.000
  • 2016.04.11 ЗГ-ын 202-р тогтоол, 50.000
  • 2017.02.22 ЗГ-ын 62-р тогтоол, 50.000-60.000
  • 2018.02.06 ЗГ-ын 48-р тогтоол, 50.000-60.000
  • 2019.01.23 ЗГ-ын 44-р тогтоол, 45.000
  • 2020.01.08 ЗГ-ын 15-р тогтоол, 55.000-100.000 (Улаанбуудайд I-IV ангилал тогтоожээ)
  • 2022.01.12 ЗГ-ын 25-р тогтоол, 80.000

2017 оноос бусад жилд энэ урамшууллын дүнд үр суулгасан талбай, хураасан ургацын хэмжээ өсжээ. 2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа тарьсны 367.2 мянган га-г нь буудайд зориулжээ. Гэвч 271.8 мянган тонн үр тариа хураасны 259.2 мянган тонн нь буудай байв. Ган болсны уршгаар үр тарианы 90.3 мянган га талбайн ургацыг алдсаны 77.7 мянган га нь улаанбуудайнх байв. 15.2 мянган га талбайн буудайгаар гурил хийх аргагүй болж, мал тэжээхэд хүрчээ. Улаанбуудай тарьсан талбайн 74.6%-ийг хурааж, хэрэгцээт гурилынхаа 52.5%-ийг үйлдвэрлэсэн байна.  

Үүнийг эс тооцвол төр зорьсондоо хүрч, урамшуулал үүргээ гүйцэтгэснийх. Гэвч нөгөө талд газар тариалан эрхлэгчид энэ урамшууллыг тэр бүр авч чадахгүй байна. Энэ талаар УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан сонсголд шинжээч “Нийт урамшууллын 35.8% буюу 100 тэрбум төгрөгийг нийт тариаланчдын 1.2% буюу 54 аж ахуйн нэгж авсан. 1 өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. 30 аж ахуйн нэгж хуурамч бичгээр 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан байна” гэж мэдээлсэн юм.

0/1000