horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нөмрөгт тавьсан түймрээс хөрс, ургамал, амьтанд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэхээр болжээ

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.

2026.10.08-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарчээ. Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртсөн байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой.

Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөө, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай юм.

Энэ хүрээнд Халхгол сумын засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ажиллуулах мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой гаргахад анхаарч ажиллахыг сайд Ц.Сандаг-Очир чиглэл болголоо.

Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.

Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно. Үүний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл бүхий дүгнэлт гаргах юм.

0/1000