32 настай жирэмсэн эмэгтэйг урагтай нь, 4 настай охинтой нь хамт хэрцгийгээр хөнөөж, 3 настай охины цээжинд 3 удаа хутгалж, зүрх уушгийг нь хүнд гэмтээж, гарыг нь зүссэн хэрэг 2026.01.04-нд нийслэлд гарсан. Уг хэргийг үйлдсэн М.Батчулуунд анхан шатны шүүх бүх насаар нь хорих ял оноосон ч тэр давж заалдсан юм.
Тэр давж заалдсан үндэслэлээ “Гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг. Хавтаст хэрэгт авсан баримт зохиомол. Алуулсан гэх эмэгтэйн зураг хавтаст хэрэгт байхгүй” гэх мэтээр дурдсан байна. Түүний уг хүсэлтийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Энэ хэрэгт хохирогчийг өмгөөлсөн Р.Булгамаа өнөөдөр сэтгүүлчдэд “мэдээлэл хийлээ. Тэрбээр “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзсэн ч гэмт хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглээний асуудлыг дахин хянах шаардлагатай гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан” гэж мэдээлэв.
Хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж. М.Батчулуун өмнө нь хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр хүний амь хөнөөсөн 2 хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Энэ удаад ч түүнийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор өмгөөлөгч нь дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Уг нь түүнийг Дарь-Эхэд 3 дахь хэргээ үйлдсэнийх нь дараа өмгөөлөгч нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлуулахаар СЭМҮТ-д хандаж, хэрэг хүлээх чадвартай хэмээн шүүх үзэж, бүх насаар нь хорих ял оноосон юм.
М.Батчулуун 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, F20 буюу шизофрени өвчтэй гэсэн оношоор СЭМҮТ-д албадан эмчлүүлээд, СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу 2024 онд эмнэлгээс гарсан байдаг.
Харин хохирогч П.Сувданхуягийг өмгөөлөгч Р.Булгамаа, Э.Нямсүрэн нар үнэ төлбөргүй өмгөөлж байгаа юм.

