Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр (2026.10.20) “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонслоо. Уг хуралдаанд хохирогч иргэдийн төлөөлөл Б.Шинэбаатар, Ш.Солонго, Б.Оюунзул, Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.
Энэ асуудлаар иргэн Ш.Солонго, Б.Шинэбаатар нар гишүүдэд мэдээлэл өгөв. Иргэд сүүлийн 7 сарын турш Засгийн газар, нийслэл, яамдтай хамтран ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байгаа аж. Тэдний хамгийн их хүлээж буй зүйл нь дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулах явдал гэнэ. Хохирогчдод хамгийн их хүндрэл учруулж буй байгууллага нь нийслэлийн ЗДТГ гэдгийг тэд онцолж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгааг мэдээлэв.
Улсын хэмжээнд барилгын 800 гаруй төсөл зогсонги байдалд оржээ. Үүний улмаас 80-100 мянган иргэн шууд болон шууд бусаар хохирч, нийтдээ 120 мянга гаруй захиалагчийн эрх ашиг хөндөгдсөн байна. 12-16 давхар барилга босчихсон байхад төрийн хяналт хаана байсныг тэд асууж, царцсан барилгуудыг яаж дуусгах, иргэдийг хэрхэн хохиролгүй болгох вэ гэдгийг тус хорооноос асуулаа.
Иргэн Б.Оюунзул “Андын зам констракшн” ХХК 39.9 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууц барихаар ажлаа эхэлсэн. Газраа чөлөөлсөн 282 иргэн өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байгаа. Ашиглалтад орсон 5 байрны заримд нь ердөө 43 иргэн орсон. Гэтэл нийт 799 айлыг энэ компани хохироосон. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, давхар худалдаа болон залилангийн эрсдэлийг бууруулах зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй тохиолдолд захиалга авч, хөрөнгө татахыг хязгаарлах зохицуулалт тусгасан. Барилгын зөвшөөрөл, сууцны мэдээлэл, урьдчилсан тэмдэглэлийг нэгтгэсэн цахим мэдээллийн сан байгуулж, орон сууцны мэдээллийг иргэдэд нээлттэй болгох ажлыг 2026 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.
Гацсан, удааширсан орон сууцны төслүүдийг шалгаж, 95 компанийн хэрэгжүүлж буй 106 төслийн нэгдсэн судалгааг гарган, дэд бүтцэд холбохоор ажиллаж байгаа аж. Орон сууцны захиалга авсан 86 компани 2569 иргэнийг 206 тэрбум төгрөгөөр хохироосон хэргүүдийг шалгаж, 102 хохирогчийн 5.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулан, 42.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөр тийш шилжүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 89 тэрбум төгрөг нэхэмжилсэн, 1338 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 44 иргэний 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулжээ. Төлбөр барагдуулах зорилгоор 242 үл хөдлөх хөрөнгө болон дуусаагүй 43 барилгыг илрүүлээд байгаа тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн тус хороонд танилцууллаа.

