“Хүнсний хувьсгал”-аар дараа жил зээл олгохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа. Уг хөдөлгөөний хүрээнд 2022-2024 онд банкуудаар нийт 3200 орчим иргэн, аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн зээл олгуулжээ. Уг зээлийн хүүгийн 13 хувийг Засгийн газар хариуцан төлж байна.
2027 онд шинээр зээл олгохгүй. Өмнө нь олгосон зээлийн үлдэгдэл 341.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүг төлөхөд 63.9 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.
“Атар IV” аяны зээлийн хүүд 60.3 тэрбум төгрөг банкуудад төлнө
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үргэлжлэл болгон, “Атар IV” аяныг манай улс 2025 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Үүнд зориулан, Засгийн газар нийт 616.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар олгуулжээ. Үүний хүүг мөн л ЗГ төлдөг. 2027 онд уг зээлийн хүүд 60.3 тэрбум төгрөг Засгийн газар хариуцан төлнө. Уг мөнгийг төсвийн төсөлд тусгасан байна.
“Цагаан алт”-ын хүүд 86.4 тэрбумыг төлнө
“Цагаан алт” хүнсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газар ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж, арилжааны банкуудаар үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгуулж байгаа. 2024-2025 онд 520.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 5 хүртэлх жилийн хугацаатай энэ зээлийн хүүгийн 10%-ийг Засгийн газар хариуцан, банкуудад төлдөг. Энэ зээлийн үлдэгдэл, 2026 онд шинээр олгосон зээлийн хүүд зориулан, дараа жил 86.4 тэрбум төгрөг төлөхөөр Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд Засгийн газар тусгажээ.
“Монголд зочлох жил“-ийн зээлд 49.9 тэрбум төгрөг төлнө
Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгохоор зорьж, 2024-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнийхээ хүрээнд Засгийн газар 2025 онд “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоол гарган, олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох судалгаанд үндэслэн бүсчлэлд эдийн засгийн ач холбогдол бүхий байршлуудад зочид буудал, жуулчны бааз, цогцолбор, авто зам дагуу түр буудлах цэгүүдийг шинээр барьж байгуулах болон засаж сайжруулах, тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд зориулж, хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.
Үүнийгээ дараа жил үргэлжлүүлж, нийт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Зээлийг аялал жуулчлалын компаниудад арилжааны банкуудаар олгуулна. Хүү нь 18%. Үүний 12%-ийг Засгийн газар, 6%-ийг тухайн компани төлж байгаа юм. Засгийн газар дараа жил энэ хүүг төлөхөд зориулж, 49.9 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
Бичил, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Засгийн газар 2027 онд бичил, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Эдгээр нь шинээр хэрэгжүүлэх ажил юм.
Төрийн банкны 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас төрийн эзэмшлийн хувьцаанд хуваарилах ноогдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зориулна. Ингэснээр олон улсын зах зээлээс 300 сая ам.доллар буюу 1.1 их наяд орчим төгрөг татах боломж бүрдэнэ гэж үзжээ. Шинээр татсан зээлийг эдийн засагт нэмүү өртөг бий болгож, шинээр ажлын байр бийболгоход зарцуулах юм байна.
2027 онд 6000 гаруй бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чадавхыг дэмжих зорилгоор жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Төв банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ зээлийн хүүгийн тодорхой хувийг Засгийн газар төлнө. Одоогоор хэдэн хувь гэдэг нь тодорхойгүй байна.
16 мянга гаруй хүнийг байртай болгоход 198 тэрбумыг зарцуулна
“Чөлөөлье” санаачилгаар иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ЗГ төлөвлөжээ. Ингэхдээ хувийн компанийн олон улсын зах зээлээс татах мөнгийг ашиглахаар зэхэж байна. 500 сая хүртэлх ам.долларын эх үүсвэрийг Монголбанктай хамтран своп хэлэлцээр хийж, төгрөг төвлөрүүлэх замаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм байна.
Үүний дагуу своп хэлцлийн зардлыг төрөөс хариуцан төлөх зорилгоор Монгол Улсын 2027 оны төсөвт 90 тэрбум төгрөг, хүүгийн татааст 108 тэрбум төгрөг тусгаажээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 16 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломж бүрдэнэ.

