Засгийн газар өнөөдөр “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал дараа нь энэ тухайгаа олон нийтэд танилцуулав. Сэлбэ, Шархад, Солонго 1, Солонго 2 хороололд тун удахгүй 3572 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Дараа жил 8238, 2028 онд 11.246 айлын орон сууц ашиглалтад оруулах Засгийн газар 2040 он гэхэд 40 мянган айлыг байртай болгохоор төлөвлөжээ. Энэ бол төрийн өмчийн орон сууцнууд.
Төрийн мэдлийн орон сууцыг урьдчилгаа төлбөргүйгээр авч, 5 жилийн хугацаанд төлбөрийг нь цувуулан төлөх боломжийг иргэдэд олгож байна. Тухайлбал: 45 ам метр талбайтай 2 өрөө байрааар тооцъё.
1. Түрээслэх. Сард 700 мянган төгрөг төлнө.
2. Түрээслээд өмчлөх. Сар бүр түрээсийн 700 мянга дээр нэмж, 720 мянган төгрөг төлнө. Нийт 1 сая 420 мянган төгрөг сар бүр төлнө. 20 жилийн дараа уг байрыг Төрийн орон сууцны корпорац тухайн иргэний нэр дээр шилжүүлнэ.
3. Түрээсийн төлбөр+ипотек. Түрээсийн 700 мянган төгрөг дээр 860 мянган төгрөг сар бүр нэмж төлнө. Нийтдээ сар бүр 1 сая 560 мянган төгрөг төлсөөр 5 жилийн дараа банкны 6%-ийн зээлд хамрагдана.
4. Хамтын өмчлөл. Тухайн орон сууцыг банк эсвэл Төрийн орон сууцны корпорац (нийслэлийн Орон сууцны корпорац) хамтарч эзэмшинэ. Гэрчилгээн дээр эдгээр байгууллагын аль 1 нь тантай хамт нэрээ бичүүлж, тухайн байрыг хамтран өмчилнө. Уг байрны 50%-ийг түрээслэх эсвэл түрээслээд өмчлөх хэлбэрээр та авч, төлбөрөө төлнө. Үлдсэн 50%-ийг банкны 6%-ийн зээлээр та авна. Энэ нөхцөлд урьдчилгаа төлбөрийн босго 2 дахин намсаж, сар бүр төлөх зээл, хүү 2 дахин багасна.
Төрийн мэдлийн 40 мянган орон сууцны 25 мянгад нь газраа чөлөөлсөн гэр хорооллын айлуудыг оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Газрыг нь байрны төлбөрт тооцож авна гэсэн үг.
Хувийн компаниуд энэ жил 14.832 айлын орон сууц ашиглалтад оруулна. 2030 он гэхэд хувийнхан 60 мянган айлын орон сууц барина. Үүнийг иргэдэд ипотекийн 6%-ийн хүүтэй зээлээр өгөх юм байна.
Учир нь Засгийн газар 2027 онд санхүүгийн салбараас 1.8 их наяд төгрөг босгохоор төлөвлөжээ. Своп хэлцлийн зардлыг улсын төсөвт тусгаж өгснөөр ипотекийн 6%-ийн хүүтэй зээлийг одоогийнхоос олон хүн авах боломж бүрдэх юм байна.
Гэхдээ анх удаа байр авч байгаа айлд ипотекийн 6%-ийн хүүтэй зээл олгоно. 39 мянган айлыг 6%-ийн хүүтэй зээлээр байранд оруулах бол 21 мянган айлд эхний 3 жилд нь 6%, дараагийн 17 жилд нь 12%-ийн хүүтэй зээл олгохоор Н.Учрал төлөвлөжээ. Хэнд хэдэн хувийн хүүтэй зээл олгох нь тухайн байрны байршлаас хамаарах аж. Хотын төвөөс хол, гэр хорооллын газар дээр барьсан орон сууцнаас авбал зээлээ бүрэн төлтөл 6%-ийн хүү төлнө гэсэн үг.
2027 онд 16 мянган айлыг 6%-ийн хүүтэй зээлээр орон сууцанд оруулна. УИХ 2027 оны улсын төсвийг баталсны дараа эхний айлуудыг нээлттэй, ил тод сонгож эхлэх юм байна.

