horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зэс хайлуулах үйлдвэрийн өгөөжийг тандъя

post-img

Монгол Улсын, эрх баригчдын саалийн үнээ хэмээгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хайлуулахаар Засгийн газар шийдээд чамгүй хугацаа өнгөрч байна. Гэвч яагаад зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар болсон, энэ үйлдвэр хэр өгөөжтэй байхыг ард түмэн байтугай эрх баригчид ч өөрсдөө мэдэж байгаа шинж алга.

Тиймээс Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн зэс хайлуулах үйлдвэрийг дангаар нь болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулбал өгөөжтэй байх эсэхийг, өгөөжтэй бол тэр нь хэр ихийг танаджээ. 1978 онд байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 550 мянган тн зэсийн баяжмал, 5000 тн молибдены баяжмал үйлдвэрлэж, бүгдийг нь Хятад руу гаргадаг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тн хүдэр олборлож, 39.9 сая тн хүдэр боловсрууллаа. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлт болж байна. Тус үйлдвэр энэ онд нийт 574 мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэн, экспортолжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.6 их наяд төгрөгт хүрч, 1.2 тэрбум ам.долларыг Монголбанканд тушааж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлэв. Гэхдээ энэ бол түр зуурын ололт. Байнга ийм байх боломжгүй. Олборлох хүдрийнхээ хэмжээг байнга нэмэхийн зэрэгцээ зэс үнэтэй байгаа болохоор ийм амжилттай ажиллаж байгаа юм.

48 жил зэсийг нь олборлосон болохоор Эрдэнэтийн хүдэр дэх зэсийн агууламж багасаж буй. 2018 онд 0.48%-ийн агууламжтай байсан зэс 2024 онд 0.38% болж багасаад байна. Ийм нөхцөлд зэс хайлуулах үйлдвэр ямар ч хэрэггүй. 2065 он гэхэд Эрдэнэт зэсээ шавхана.

Тэгвэл хайгуулж хийж, нийт 10.702 мянган тн зэс, 499 мянган тн молибден агуулсан 2 тэрбум 977 сая тн хүдэртэй “Эрдэнэтийн-Овоо” ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 12 дугаар сард баталгаажуулсан. Оюут ордын хайгуулыг бүрэн дуусгаж, 0.32% зэсийн агуулгатай, 357 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэстэй гэсэн нөөц тогтоон, 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан. Үүнийг 55 жил ашиглана. Тиймээс зэс хайлуулах үйлдвэр байгуулбал түүхий эдээр тасрахгүй.  

Тэглээ гээд зэс хайлуулах үйлдвэр барьж болно гэсэн үг биш. Ийм үйлдвэр амжилттай ажиллахын тулд 7 хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатайг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн судлаач Н.Дорждарь санууллаа. Эдгээр хүчин зүйл нь:

  1. Хүдэр, зэсийн нөөц
  2. Тээврийн зардал
  3. Найдвартай, боломжийн үнэтэй цахилгаан
  4. Зах зээлийн өрсөлдөөн
  5. Сайн засаглал
  6. Зах зээлийн багтаамж (Зэсээ хэнд зарах вэ. Худалдан авагч хэр олон байгаа вэ?)
  7. Аж үйлдвэр (Хайлуулсан зэсээ хэнд зарах вэ)

Эдгээрээс манай улсад хайлуулах хүдэр нь байна. Бусад нь маш бүрхэг. Байхгүй гэхэд ч болохоор. Учир нь Дэлхийн бүх зэсийн талаас илүү хувийг нь Хятад улс хайлуулж байна. Боловсруулж, өртөг шингээгээд, буцаагаад Дэлхий даяар зардаг. Орос бол өөрсдийнхөө хэрэгцээг дотоодоосоо хангадаг. Гадаадаас зэс авах шаардлагагүй.

Хоёр хөрш нь зэсийн олон ордтой, арвин нөөцтэй, хайлуулах үйлдвэртэй байхад манай улсын хайлуулсан зэсийг хэн авах вэ? Хятад, Оросын нутгаар тээвэрлээд, цаана нь байгаа улсад аваачин зарж чадах уу? Үгүй. Уран, тори, литтийг бол онгоцоор Европ, Япон, Солонгос руу зөөж болно. Зэсийг тэгэх боломжгүй. Наанадаж машинаар, цаанадаж вагоноор зөөнө. Хоёр хөрш маань манай зэсийг нутгаараа машин, галт тэргээр зөөлгөнө гэж сэрүүн зүүдлээд хэрэггүй л дээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэх үйлдвэрийг хайлуулах гэж яриад байгаа ч зэс боловсруулах цогцолбор юм. Энэ цогцолбор зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, кабель утасны үйлдвэр, элементийн хүхрийн үйлдвэрээс бүрдэнэ. 2025.08.13-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр үүний ТЭЗҮ-г батлуулжээ.

Тус үйлдвэрийг гадаадын 90 гаруй байгууллагад санал болгож, урилга явуулснаас 7 улсын 13 компани, түншлэл материалаа ирүүлсэн байдаг. Тэдний дунд Засгийн газар 2 үе шаттай сонгон шалгаруулалт явуулж, “Эн Эф Си” компанийг сонгосон юм.  

Тус компани Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70%-ийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. “Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани” гэж ЗГ 2026.06.10-нд олон нийтэд танилцуулсан юм.

Тэгвэл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн 150 мянган тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолборыг 1 тэрбум ам.доллароор барьж, 2029 онд ашиглалтад оруулна гэвэл хэр ашигтай, бас зардалтай байхыг тооцож үзжээ. Ингэхдээ SKS технологиор зэс хайлуулах доод үлээлттэй зуух ашиглахаар тооцсон байна. Ийм зуух 1 тн зэсийг ойролцоогоор 493 ам.доллароор хайлуулдаг аж. Энэ нь хамгийн бага зардалтай технологи биш ч орчин үеийн, өргөн ашиглаж буй зуухнуудтай харьцуулахад ерөнхийдөө ойролцоо юм байна.

Үйл ажиллагааны зардал 10.97 тэрбум ам.доллароос 12.41 тэрбум, хөрөнгө оруулалтын зардал 1.79 тэрбум ам.доллароос 2.95 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ

Энэ тухай тус хүрээлэнгийн судлаач Н.Дорждарь “Цогцолбор үйлдвэр байгуулах нь борлуулалтын нийт орлогыг нэмэгдүүлэх ч зөвхөн олборлох эсвэл дан хайлуулах үйлдвэр ажиллуулахтай харьцуулахад санхүүгийн нийт өгөөж нь бага. Учир нь цогцолбор үйлдвэр баяжмалаа боловсруулан, нэмүү өртөг шингээж байгаа ч үүнийг дагаад, үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын зардал өснө. Миний тооцсоноор үйл ажиллагааны зардал 10.97 тэрбум ам.доллароос 12.41 тэрбум, хөрөнгө оруулалтын зардал 1.79 тэрбум ам.доллароос 2.95 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ” гэж тайлбарлав.  

Дэлхийд одоо зэс хайлуулах үйлдвэр 120 гаруй байна. Индонез, Энэтхэг, Конго улс 2025 онд ийм үйлдвэр барилаа. Хамгийн гол нь Хятад улс зэс хайлуулах үйлдвэрийн бүх патентыг авч, хөрөнгө оруулалт, урсгал зардал багатай, өөрийн гэсэн шинэ технологи бий болгодог. Үүнтэй манай улс яаж өрсөлдөх юм бэ? Бүтээгдэхүүнээ хаана, хэнд зарах юм бол?

Засгийн газар энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. “Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой” гэсэн жижүүрийн үгээ хэлсээр ирэв. Үүнээс нь үзвэл тэд ч өөрсдөө мэдэхгүй байгаа юм байна.

0/1000