Дорнод аймгийн “Д..” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Т, цехийн даргаар ажиллаж байсан Д.Б нар бүлэглэн “Байгууллагадаа бульдозерын сэлбэг худалдаж авна” гэж 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд нийт 120.6 сая төгрөгийг нэр бүхий 5 иргэн болон “Т…” ХХК-ийн данс руу шилжүүлжээ. Үүний 84.9 сая төгрөгөөр бульдозерын сэлбэг авч, өөрсдөө 35.7 сая төгрөгийг нь авчээ.
Нийсэлийн Прокурорын газар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Т, Д.Б нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлын 35.7 сая төгрөгийг тэднээр хуваан “Д…” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэв. Мөн А.Т-д нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарлах ял оноов. Д.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, 1 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх ялаар шийтгэлээ.

