Байгалийн ургамлын тухай хуульд 2026.07.03-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг шинэчлэх шаардлага үүсжээ. Уг жагсаалтыг шинэчлэх асуудлыг Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачид 2026.10.21-нд хэлэлцэв.
Жагсаалтын шинэчилсэн төслийг 2012, 2019, 2020, 2021, 2023 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар хийсэн олон улсын Улаан дансны ангилал, шалгуурын дагуу гүйцэтгэсэн үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулжээ. Энэ нь 1995 оноос хойш нэн ховор, ховор зүйлийн жагсаалтад хийж буй анхны томоохон шинэчлэл юм байна.
Судлаачид гуурст ургамал, мөөг, хаг, замаг, хөвдийн нэн ховор, ховор зүйлийн хамгааллын зэрэглэл, тархац, нөөцийн талаарх мэдээллийг нягтлан хэлэлцэв. Урьдчилсан байдлаар шинэчилсэн жагсаалтын төсөлд 327 зүйлийг нэн ховор, 580 зүйлийг ховор ангилалд хамруулахаар тусгаад байна. Одоо бол 133 зүйлийг нэн ховор, 356 зүйлийг ховорт тооцдог. Энэ жагсаалтыг шинэчилснээр Монгол орны нэн ховор, ховор ургамлын тоо нэмэгдэх ажээ.
Нэн ховор, ховор зүйлийн жагсаалтыг шинэчлэх нь биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордлын эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хамгаалах арга хэмжээг оновчтой төлөвлөх, зохистой ашиглахад чухал ач холбогдолтой юм.

