Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр УИХ-ын БОХХААБ-нд мэдээллээ. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Зун, намар улсын хэмжээнд 76.9 сая толгой мал бэлчээрлэсэн. Хүн амын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчим толгой малыг нийлүүлэхээр тооцсон. Үүний дүнд улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Нийт эргэлтэд оруулах малын 67 орчим хувийг Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг бүрдүүлж байна.
Зуншлагын нөхцөл байдал 2026.08.20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар зуншлага муу байгаа нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж, хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхааралдаа авч байна.
Өвөл-хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан.
Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд амжилттай хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтыг 2,270 га-аар нэмэгдүүлж, нийт 778 малчин өрх, хоршооны хамтын ажиллагааг дэмжин, орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид 2027 онд тус төслийн хамрах хүрээг улам тэлж, илүү олон сумын малчдын хоршоо, нөхөрлөлийг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

