Олон улсын зэс судлалын грүппийн мэдээллээр Дэлхийд одоо зэс хайлуулах үйлдвэр 141 бий. Үүний 57 нь зогссон, алдаг оног ажилладаг.
Зэс хайлуулах нь баяжуулахаас тэс өөр, байгаль орчинд асар их хор уршигтай. Хүссэн бүр нь зэс хайлуулж, боловсруулаад байдаггүй нь ийм учиртай. Манай улс ийм үйлдвэр байгуулахаар 1987 оноос судалж эхэлсэн ч одоо болтол бариагүй нь нэг талаас үүнтэй холбоотой.
Зэсийн хүдрийг өндөр хэмд хайлуулах явцад хүхэр нь хүчилтөрөгчтэй нэгдэж, хүхрийн давхар исэл (SO₂) хэмээх хортой хий үүсгэдэг. Үүнийг агаарт дэгдээвэл сүйрэл болно. Тиймээс үйлдвэрт технологийн аргаар барьж аван, тусгай цехэд усалж, исэлдүүлэн хүхрийн хүчил (H₂SO₄) болгон хувиргадаг. Иймд зэс хайлуулах үйлдвэрийн дэргэд хүхрийн давхар ислийг хүчил болгож авах үйлдвэр байгуулдаг.
“Бадрах-Энержи” компани
Зэс хайлуулахад ялгарах хүхрийн хүчлээ яах вэ гэдэгт манай улс одоо ч итгэлтэй хариу олоогүй байна. Үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрт ашиглах санаа бол бий. Ялангуяа Монгол, Францын хамтарсан “Бадрах-Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо ордод хамгийн түрүүнд нийлүүлэхээр төлөвлөж буй. Газар доорх ураныг барьж авахад хүхрийн хүчил хэрэгтэй ч зэс хайлуулах үйлдвэрээс ялгарах бүх хүчил “Бадрах-Энержи”-д хэрэггүй. Зэс хайлуулах үйлдвэрээс жилд 530.000-546.000 тн хүхрийн давхар исэл ялгарах тооцоо гарчээ. Үүнийг ангижруулбал дунджаар 220 мянган тонн хуурай хүхэр болно.
Зөөвч-Овоо ордоос 2021 оны 7-р сараас 2022 оны 12-р сар хүртэлх 18 сарын хугацаанд 10 гаруй тонн уран олборлосон. Үүнд нийт 866.6 тонн хүхрийн хүчил ашигласан байна. 2028 оноос Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын ураныг хамтад нь ашиглахад жилд 2500 тонн уран олборлоно. Үүнд жилд дунджаар 5.200 тонн хүхрийн хүчил ашиглах тооцоо гарчээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс хайлуулах үйлдвэр 2029 онд ашиглалтад орж, хүхрийн хүчил ялгаруулж эхэлнэ. Харин “Бадрах-Энержи” компани Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын ураныг 2028 оноос хамтад нь олборлон, боловсруулж эхэлнэ. Уг үйлдвэртээ хэрэглэх хүхрийн бэлэн хүчлийг “Бадрах-Энержи” гадаадаас оруулж ирж, ашиглахаар төлөвлөжээ. 2031 оноос тус компани хүхрийн хүчил бэлтгэх цех ашиглалтад оруулж, гадаадаас хуурай хүхэр (элементийн хүхэр) оруулж ирнэ. Түүнийг үйлдвэртээ шингэрүүлж, хоёрч, гуравч исэл болгон хувиргаад, хүчил үйлдвэрлэх юм. Учир нь хуурай хүхэр харьцангуй аюулгүй, тээвэрлэхэд хялбар.
Тэгэхээр манай улс зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн давхар ислийг хуурай хүхэр болгоод, 5200 тн-ыг нь “Бадрах-Энержи”-д нийлүүлэх боломжтой. Зэс хайлуулах үйлдвэрээс ялгарах бүх хүчлийн ердөө 1/42-ийг тус компани хэрэглэнэ. 41/42-ийг нь яах вэ?
“Эрдмин”, “Ачит-Ихт” компани сулруулсан хүхрийн хүчлээр исэлдсэн хүдрээс зэс ялган авдаг.
“Эрдмин” компани
“Эрдэнэт үйлдвэр”-ийн баяжуулах процесст таарахгүй, балансын бус исэлдсэн хүдрийг Монгол, АНУ-ын хамтарсан “Эрдмин” компани ашигладаг. Тус компани ойролцоогоор 3-4 сая тонн хүдэр агуулсан овоолгыг 1 литртээ 2 грамм хүхрийн хүчил агуулсан уусмалаар бороожуулдаг. Уг уусмал хүдрийн биед нэвчихдээ зэсийг уусгаж авна. Ингэж ялгаж авсан зэсээ гидрометаллургийн уусгах технологиор хайлуулдаг юм байна. Гидрометаллург гэдэг нь зэсээр ядуу, исэлдсэн хүдрийг уусган баяжуулж, катодын зэс үйлдвэрлэх технологи юм.
Катодын зэсээрээ “Эрдмин” ХХК жилд 17.5 сая метр зэс утас, 3000 тонн катодын зэс үйлдвэрлэж байна. 1997 онд Монголд анх катодын зэс үйлдвэрлэж эхэлсэн энэ компани түүхий эдгүй болохдоо тулжээ. “Эрдэнэт” үйлдвэр зарим жилд “Эрдмин”-д хүдрийн овоолго нийлүүлдэггүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрөө зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөн, овоолгоо нөөцөлж байгаа аж. Тэгэхээр “Эрдмин”-д “Эрдэнэт үйлдвэр” хүхрийн хүчил нийлүүлэх боломж бүрхэг.
“Ачит-Ихт” компани
“Эрдэнэт үйлдвэр”хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, зэсээр ядмаг хүдрээ 1978-2004 он хүртэл овоолж, 2-р овоолго үүсгэжээ. Энд 0.307%-ийн агуулгатай 199.230 тн металл зэстэй, 65 сая тн хүдэртэй овоолго асгажээ. Үүнийг “Ачит-Ихт” ашигладаг. Тус компани 6385-7132 тн хүхрийн хүчил жилд ашигладаг.
“Зэс-Эрдэнийн хувь” компани
Орхон аймгийн 22 мянган иргэн нийлж байгуулсан “Зэс-Эрдэнийн хувь” ХХК гидрометаллургийн аргаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 8а болон 12-р овоолгыг ашиглан, катодын зэс гарган авдаг. Жилд 10 мянган тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай SX/EW үйлдвэртэй ч бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. 2022 оны 8-12 дугаар сард 1202 тн, 2023 онд 1438 тонн хүхрийн хүчил хэрэглэжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигладаг 3 компани нийлээд, жилд хамгийн ихдээ 20 мянган тн хүхрийн хүчил хэрэглэдэг ажээ. Тэгэхээр зэс хайлуулах үйлдвэрийн хүчлийг эдгээр үйлдвэр авч шалихгүй нь.
Казахстан улс
“Орано” групп Канад, Нигери улсад ажиллаж байгаа уурхайдаа хүхрийн хүчил үйлдвэрлэж хэрэглэдэг. Газрын гүнээс гарган авч буй ураны хүдэр чийгтэй байдаг. Энэ чийгийг хүхрийн хүчлийн үйлдвэрээс гарч буй халуун уураар хатаадаг. Зөвхөн “Орано” ч биш, АНУ, Япон, Канад гэх мэт олон орны уурхай газар доор уусган олборлох технологи ашигладаг тул хүхрийн хүчлийн үйлдвэр ажиллуулан, хүчлээрээ уранаа барьж авахын зэрэгцээ уураар нь хүдрээ хатааж байгаа юм. Уран ихтэй, уурхай олонтой Казахстан улс Орос, Украины дайнаас болоод, хүхрийн хүчлээ өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай болжээ. Уран олборлох үйлдвэрүүдээ тасралтгүй ажиллуулахын тулд Казахстан улс хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулж байна. Лав л Казахстан руу экспортлох боломж хаагдлаа.
Эцсийн арга-гипс
Тэгэхээр хүхрийн хүчлээ гипс болгож хадгалахаас өөр сонголт манай улсад ерөнхийдөө алга. Засгийн газар ч ингэж шийдэж байгаа аж. Хүхрийн хүчлийг саармагжуулах шохойн чулуу хайхаар төлөвлөжээ. Шохойн чулууны орд хайх тусгай зөвшөөрөл олгох юм байна.
Хүхрийн хүчлээр гипс үйлдвэрлэхэд шохойн чулуу хэрэгтэй. Шохойн чулууны үндсэн найрлага нь кальцийн карбонат. Энэ нь хүхрийн хүчлийг саармагжуулж, гипс үүсгэх үндсэн түүхий эд юм. 532 мянган тн зэсийн баяжмалаас 649 мянган тн гипс бий болох төлөвтэй.

