БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотын Бакин шяньд пүрэв гарагийн орой 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, баасан гарагийн 05:20 цагийн байдлаар 16 хүн амиа алдаж, 11 хүн хүнд гэмтжээ.
Газар хөдлөлтийн голомтод аврах багууд ажиллаж байгаа бөгөөд бүс нутагт 347 аврагч, 82 тусгай зориулалтын автомашин, эрэн хайх, аврах ажиллагааны 15 нохой дайчилсан байна. Мөн 300 гаруй цагдаа гамшгийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, барилга байгууламжийн эвдрэлийг шалгах, аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцож байна.
Газар хөдлөлт пүрэв гарагийн 22:33 цагт газрын гадаргаас 10 км-ийн гүнд болсон бөгөөд голомтод ойр Мару сууринд байшингууд нурсан тухай мэдээлжээ. Бакин шяний төвд цахилгаан тасарч, холбооны үйлчилгээ доголдсон байна.
Мөн хөрш Чинхай мужийн Задой шяньд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ мэдрэгджээ. Төвөдийн өөртөө засах орон гамшгийн үеийн хариу арга хэмжээний хоёрдугаар түвшнийг зарлаж, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.


