Хүний эрхийн үндэсний комисс дэргэдээ орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороотой. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэж заасан байдаг. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн иргэн Д.Ганбаяр ҮХЦ-д ханджээ.
Цэц 2026.09.11-нд дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 16.10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. … Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэснийг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.
Уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан өчигдөр /2026.10.22/ УИХ-д танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Үндсэн хууль зөрчөөгүй гэж ҮХЦ дүгнэсэн бол УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцах зохицуулалттай” гэсэн юм.

