horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нөмрөгт түймрээс учирсан хохирлыг шинжлэх багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлт гаргажээ

post-img

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоохоор хээрийн судалгаа, хэмжилт хийж байна. Ажлын хэсэг одоогоор Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Арсүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд ажиллаад байна.

Дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл, мориор нэвтрэх боломжгүй байгаа аж. Шатсан талбай дундуур явахад машины дугуй зүсэгдэх, хагарах зэргээр хүндрэл учирч байгаа гэнэ.

Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн хэмжээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөө, хөрс, ургамлан нөмрөгийн доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.

Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргалаа. Энэ дагуу нисдэг тэрэг ашиглах боломжийг УОК, ХХЕГ судалж байна.

Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсүүдийг агаараас тандан, гэрэл зураг авч баримтжуулах, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм. Ингэснээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоох ажээ.

0/1000