Нидерландын Роттердам хотод болж буй спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр АНУ-ын тамирчид эмэгтэйчүүдийн чөлөөт дасгалд алт, мөнгөн медаль хүртсэн бол Алжирын Кайлиа Немур тулгуур модны дасгалд түрүүллээ. Аравдугаар сарын 25-нд болсон финалд 17 настай Клэр Пийс, Риз Эспонда нар тэргүүлж, Францын Майана Прат хүрэл медаль хүртэв. Ингэснээр АНУ-ын эмэгтэй гимнастикчдын тус тэмцээнээс хүртсэн медалийн тоо долоод хүрчээ.
Өмнөх өдөр нь жигд бус савлуурын дасгалд түрүүлсэн Кайлиа Немур тулгуур модны дасгалд дахин алтан медаль хүртсэн байна. Тэрээр уг дасгалын финалд шалгарах эсэх нь эргэлзээтэй байсан ч тэмцээнийг хоёр дахь алтан медалиар өндөрлүүлэв. Хятадын Жан Чинъин мөнгө, Бразилын Флавиа Сарайва хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд Арменийн Артур Давтян харайлтын дасгалд хоёр буултаа амжилттай гүйцэтгэж, алтан медаль хүртсэн бол Хятадын Зоу Жинъюань зэрэгцээ савлуурын дасгалд, Тайванийн Тан Жиа-Хун хөндлөн савлуурын дасгалд тус тус түрүүлжээ.


