horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Орон нутгийн Авто замын санд 761 сая төгрөгийн төлбөр нөхөн төлүүлжээ

post-img

Авлигатай тэмцэх газарт “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэсэн агуулгатай мэдээлэл иржээ.

Өмнөговь аймгийн засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэгэн төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, 3 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Үүнийг АТГ судлахад авто зам гэрээгээр эзэмшигч нь орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийн тодорхой хувийг аймгийн Авто замын санд бүрэн төвлөрүүлдэггүй, Өмнөговь аймгийн ЗДТГ ч уг мөнгийг төлүүлэх талаар арга хэмжээ авдаггүй нь тодорхой болсон байна. 2024, 2025 онд уг авто замаар давхардсан тоогоор 95.840 тээврийн хэрэгсэл зорчсон аж. Үүний төлбөр болох 958.3 сая төгрөгийг Авто замын санд төвлөрүүлэх ёстой байтал 438.2 сая төгрөг тушаажээ.

Уг гэрээг байгуулсан талууд ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг нөхцөл байдал АТГ-ын шалгалтаар тогтоогдлоо. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тус замаар зорчих тээврийн хэрэгслийг орчин үеийн техник технологид тулгуурлан бүртгэх зэрэг арга хэмжээ авахыг тус аймгийн засаг даргад зөвлөв.

Зөвлөмжийн мөрөөр Өмнөговь аймгийн засаг дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, дутуу төвлөрүүлсэн 103.040.000 төгрөг, дутуу мэдээлсэн 6.815 рейст ногдох 658.150.000 төгрөг, нийт 761.190.000 төгрөгийн төлбөрийг орон нутгийн Авто замын санд төлүүлжээ.

0/1000