“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 569 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Үүнийгээ хайлуулах, боловсруулах зорилго тавиад, үйлдвэр байгуулж байна. Үйлдвэрээсээ гарах химийн хортой бодисуудыг яах юм бол гэдэг асуултад иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, химичид, бизнес эрхлэгчид, геологчид гээд олон хүн хариулт хүлээж байгаа юм. Тэр дундаа одоогийн Орхон аймгийн, ирээдүйн Эрдэнэт хотынхон. Учир нь хайлуулах үйлдвэрийг энэ аймгийн төвд, хот дотор байгуулж байгаа.
Зэс байгаль дээр дангаараа орших нь тун ховор. Эрдэнэтийн зэс ч дангаараа бий болоогүй. 19 бодис нийлж, зэсийн хүдэр үүсгэжээ.
Эрдэнэтийн зэсийн баяжмалын агуулга:
- Зэс Cu 23-25%,
- Молибден Mo <0.15%,
- Төмөр Fe 23-28%,
- Хүхэр S 32-35%,
- Цайр Zn 0.4%,
- Хартугалга Pb <0.04%,
- Хүнцэл As <0.3%,
- Сурьма Sb <0.08%,
- Мөнгө Ag 50-80 pg/g,
- Алт Au 0.2-0.3 pg/g,
- Селен Se 50-80 pg/g,
- Теллур Te 6.5-8.5 pg/g,
- Никель Ni 0.006%,
- Висмут Bi <0.01%,
- Цахиурын хоёрч исэл SiO2 5-8%,
- Магни Mg 0.3-1%,
- Кальц Ca 0.4-0.9%,
- Кадми Cd 0.001%,
- Гянтболд W <9.5%.
Молибдены баяжмалд хүнцэл As <0.03% агуулагддаг. Үүнээс харахад л Эрдэнэтийн зэсийн хүдэрт хүхэр, хүнцэл зэрэг хортой бодис байна. Үүнийг яах вэ гэдгийг сайтар судалж, найдвартай шийдэл олж байж, зэс боловсруулах ёстой.
Энэ ч үүднээс зэс хайлуулах технологийн судалгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хайлуулах технологийн патент эзэмшигч олон компанитай хамтарч хийжээ. 1987 онд ЗХУ-ын “Гипроцветмет” хүрээлэнтэй Ванюковын, 1995 онд Канадын “Noranda Minerals Inc, Canada”, BGRIMM хүрээлэнгийн “Norando”, 1997 онд Австралийн “Ausmelt” компанийн “Ausmelt”, 1999 онд ОХУ-ын “Гипроцветмет” хүрээлэнгийн ПЖВ, 2002 онд Финландын “OUTOTEC” фирмийн “Flash Smelting” технологийн судалгаа хийжээ. Ингээд 2014 онд БНХАУ-ын “ENFI engineering” хүрээлэнгийн SKS технологийг хөрөнгө оруулалт, урсгал зардал хамгийн багатай гэж сонгосон түүхтэй. Канадын “Hatch” 2018 онд Дэлхий дээрх хайлуулах технологуудыг харьцуулж судлаад, хөрөнгө оруулалт, урсгал зардал хамгийн багатай технологиор SKS-ийг нэрлэсэн байдаг.
Эрдэнэтийн зэсийн хүдэрт хүнцэл бага байдаг аж. “ENFI engineering” компанийн тооцоогоор хунцлийг нь усанд уусгахгуй, бусад эрдэстэй урвалд оруулж царцаан, барьж авах боломжтой аж. Хүнцлийг тоостой хамт барьж авахаар төлөвлөжээ. Зэсийн баяжмал хайлуулах явцад хүнцэл ихэвчлэн хий болж, хүнцлийн ангидрид (As₂O₃) хэлбэрээр агаарт дэгддэг аж. Түүнийг тоостой хамт барьж авах хоёр үе шаттай хосолсон технологийг гадаадын зарим улс бий болгожээ. Манай улс энэ аргаар хүнцлийг аюулгүй болгох юм байна.

