Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулав. Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.
Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарахыг сануулж, цаашид юуг засаж өөрчлөх шаардлагатай байгааг тодруулав.
Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёстойг түүнд сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийллээ.

