М.Д,Э.Б, О.С нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллажээ. Ингэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М….” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан аж. Үүний улмаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүх М.Д , Э.Б, О.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар оршин сууж байгаа дүүргээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. 91 сая төгрөгийг иргэний хариуцагч “М….” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэв.

