Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “Оюу толгой” ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 263,730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон байна. Гэвч улсын тусгай хэрэгцээнд авсан уг газарт холбогдох сумын засаг дарга зарим хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосноор газрын давхцал үүссэн байна.
Уг зөрчлийг арилгуулахаар “Оюутолгой” ХХК шүүхэд ханджээ. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг хэрэгжүүлэн, газрын давхцал үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг даалгуулахаар тус компани шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтад алдаатай зурагдсан хилийн заагийг өөрчлөхгүйгээр газрын кадастрын нэгдмэл санд уг газрыг бүртгэх боломжгүй тул уг газрыг нөхөн бүртгэсэн гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичгийг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй. Иймд маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан байна … тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэн. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд үе шат дараалалтайгаар явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Тухайн тохиолдолд Өмнөговь аймгийн засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
УДШ-ийн Захиргааны хэргийн танхим өнөөдөр уг хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хүрээг тодруулах үүрэгтэй. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах үүргийг Өмнөговь аймгийн засаг дарга хүлээсэн хэмээн үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1, Газрын тухай хуулийн 22.1-д зааснаар газрын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх бүрэн эрх засаг даргад хамаарна. Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын координат хавсралтаар тодорхой заагдсан байна. Энэ хүрээнд засаг дарга орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөх буюу тусгай хэрэгцээнд авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзсэн байна.

