Засгийн газар 2026.08.31-нд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг өчигдөр Төсвийн байнгын хороо хийв.
Уг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд “Оюутолгой” ХХК-иас нийтдээ 3 ихнаяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх, мөн нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлууд болон эрчим хүч, бусад салбарын санхүүгийн хүндрэлийг үе шаттай арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхэд зарцуулах асуудлыг төслийн үзэл баримтлалд тусган холбогдох тооцоог тусгасан байсан.
Гэвч Засгийн газар 2026.10.23-нд Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө татан авсан. Тиймээс 2027 онд “Оюутолгой” ХХК-ийн ногдол ашгаас төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2 ихнаяд төгрөгийн орлогыг тэнцвэржүүлсэн орлогоос хасаж, тухайн орлогоор санхүүжүүлэхээр төсөлд тусгасан ОТ код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг төслөөс хасах, эдгээр хөрөнгө оруулалтад тусгасан зарим төслийг тухайн салбарт баримталсан бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Уг төслийг татаж авсантай холбогдуулан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний нэр өөрчлөх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтээс урсгал зардалд шилжүүлж зохицуулалт хийх агуулгатай ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюутолгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогыг 2 ихнаяд төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого, тус санд 2027 оны төсвийн жилд хуримтлуулах дүн, Үндэсний баялгийн сангийн нийт орлогын хэмжээг холбогдох тооцооллын дагуу өөрчлөх”, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 24 тэрбум төгрөгөөр бууруулж, Эмийн үнэ хөнгөлөх зардлыг 24 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

