Засгийн газраас 2026.07.02-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тавьж,
нийгмийн халамжийн тогтолцоог мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас зорилтот бүлэгт чиглэсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөснөө танилцуулав. 2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 ихнаяд төгрөг зарцуулжээ. Үүний 70 гаруй хувь буюу 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө, насны хишиг, жирэмсний болон хүүхэд асарсны тэтгэмж зэрэг нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон байна.
Нийгмийн халамжийн зардал ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байгаа нь хөгжиж буй орнуудын дунджаас өндөр үзүүлэлт боловч ядуурлын түвшин 27.1 хувь хэвээр байгаа аж.
Иймд хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа шаардлагатай иргэдийг зөв тодорхойлох, тэдний хэрэгцээг мэргэжлийн үнэлгээнд тулгуурлан тогтоох, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг сургалт, хөгжлийн үйлчилгээгээр дэмжиж, халамжаас хамааралтай бус, бие даан амьдрах чадвартай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээний зохицуулалтыг тусгасан байна. Үүний хүрээнд зан үйл, хандлагыг өөрчлөх сургалт, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, кейс менежментэд суурилсан мэргэжлийн нийгмийн ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхээр заажээ.
Гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэд, асрамжийн байгууллагаас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй иргэн, архины хамааралтай болон хорих байгууллагаас суллагдсан иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зэрэг нарийвчилсан заалтуудыг оруулсан байна. Мөн байгалийн гамшиг, зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдыг дэмжих арга хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, мэргэжлийн нийгмийн ажилтны тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Энэ нь нийгмийн халамжийг бууруулах бус, харин хэрэгцээтэй иргэнд нь зөв хэлбэрээр, зөв цагт нь хүргэхэд чиглэсэн гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр одоогийн бүтэц, нөөцөд тулгуурлан хуулийг хэрэгжүүлж, халамжийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Одоогийн 2.7 ихнаяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг болно. Шинэ хуулиар халамжийг танах биш, харин зөв хүнд нь хүргэх зорилготой” гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг “Асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагч. Одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй. Шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ” гэж тайлбарлав.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

