Засгийн газар өнөөдөр тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай 2 тогтоол баталлаа. 2026.01.01-нээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны үндсэн цалинг 30 хувиар, боловсролын салбарын багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар, шинжлэх ухааны ажилтны үндсэн цалинг 15 хувиар нэмсэн.
Энэ онд цалинг нь нэмээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмлээ. Тогтоолыг 2026.11.01-нээс хэрэгжүүлнэ.
Эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28.142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16.395 албан хаагч, нийт төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан юм.
Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх юм байна.
Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг яаж нэмэхийг доорх мэдээллээс харна уу!








