Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга 2025.09.16-нд А/448 дугаар захирамж гаргаж, … дүгээр сургуулийн 480 сурагчийн суудалтай өргөтгөл барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулжээ. Тус дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 2025.10.23-нд нээлттэй тендер зарласан байна. Тендерт “М” ХХК шалгарч, Худалдан авах ажиллагааны алба 2025.12.04-нд “А” ХХК-д “Танайх шалгараагүй” хэмээн мэдэгджээ.
Хан-Уул дүүргийн ЗДТГ 2025.12.04-нд “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэтэл “А” ХХК 2025.12.10-нд уг асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан аж. Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2025.12.15-нд буцааж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “…санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн **.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан байдаг тухай мэдэгджээ.
Үүний дараа “А” ХХК нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэр болон мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг Хан-Уул дүүргийн ЗДТГ-т даалгах, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын “М” ХХК-тай байгуулсан ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026.08.19-нд уг хэргийг хэлэлцээд “Үнэлгээний хорооны шийдвэр нь зөвлөмж хэлбэртэй байна. Үнэлгээний хорооны 2025.12.02-ны өдрийн ** дугаар хурлын тэмдэглэл нь захирамжилсан, эрх зүйн үр дагавар бий болгосон байх Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинж агуулаагүй, захиргааны акт биш байна. Үүнийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
“А” ХХК-ийн холбоо дохиоллын инженер П.Э тус компанид холбоо дохиоллын инженерээр 3 болон түүнээс дээш жил ажилласан байх боловч тендерийн баримт бичигтээ нийт 34 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу 3 жил хүрэхгүй хугацааны лавлагааг ирүүлсэн байна. Үүнийг үндэслэн тус компанийг шаардлага хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Тендерийн шаардлагад техник хэрэгслийн фото зургийг хавсаргахаар шаардсан байхад “А” ХХК гаргаж өгөөгүй. Энэ нь хариуцагч нарыг буруутгах, тендерийг буруу үнэлсэн гэх үндэслэл болохгүй” хэмээн үзэж, “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн байна.
Мөн “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг хангахгүй “М”, “Д” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн тендер гэж сонгон, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна. Уг хууль бус баримтуудыг үндэслэн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. “М”, “Д” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг хангахгүй байхад хуулийн 28.1.3-т заасны дагуу тус түншлэлийн тендерээс татгалзаагүй хариуцагч нарын шийдвэр үндэслэлгүй” гэж үзэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын “М” ХХК-тай 2025.12.15-нд байгуулсан *** дугаартай гэрээг хүчингүй болгож, сургуулийн өргөтгөл барих тендерийг дахин зарлахыг Хан-Уул дүүргийн засаг дарга, Худалдан авах ажиллагааны албанд даалгажээ.
Үүнийг “А” компани эсэргүүцэн, “Үнэлгээний хорооны хурлын шийдвэр нь тэмдэглэл хэлбэрээр гардаг. Энэ тэмдэглэл нь захиалагчаас оролцогчтой гэрээ байгуулах үр дагаварт хүргэдэг учир захиргааны акт мөн. Үнэлгээний хорооноос гарах шийдвэр нь зөвлөмж болон тэмдэглэл гэсэн 2 хэлбэртэй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн зөвлөмж байдаг мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн өөр иргэний бичиг баримт хэрэглэсэн гэхээс илүүтэйгээр хуурамч бичиг баримт хэрэглэсэн байхад шүүх үүнийг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй атал шүүх процессын хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй байсан.
Манай компани уг тендерт шалгарах шалгуурыг бүрэн хангасан байсан ч баримтыг бүрэн үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” хэмээн давж заалдсан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд, дахин тендер зарлахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Учир нь “А” компанийн нэхэмжлэлд ийм шаардлага байгаагүй. Шаардлагаас хэтэрсэн асуудлыг шүүх дүгнэж, шийдвэр гаргаж болохгүй.

