horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ажилтнаа найдвартай машинаар хангаагүй соёлын төв, замаа засаагүй “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг шүүх хариуцагчаар татжээ

post-img

Сэлэнгэ аймгийн … сумын Соёлын төвийн танхимын эрхлэгч Л.Ю аймгийнхаа нэгэн суманд зохион байгуулагдах сургалтад оролцохоор байгууллагынхаа 3 ажилтан, өсвөр насны 1 хүүхэдтэй хамт “Ланд круйзер 100” загварын машинаар гарчээ. Шаамар сумын нутагт явж байхдаа авто замын эвдрэлийг тойрч гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан аж. Уг ослоор 4 хүн нас барсан байна.

Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-ад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Прокурор Л.Ю-г орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдал хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй соёлын төв, Шаамар сумын хатуу хучилттай авто замыг хариуцдаг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг уг хэрэгт иргэний хариуцагчаар татсан байна.

Жолооч Л.Ю Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Үүнд:

  • -12.3 дахь заалт: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;
  • -12.1 дэх заалт: Жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна;
  • -11.3 дахь заалт: Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх Л.Ю-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл 10 жил жолоодох эрхийг нь хасаж, 1 жил хорих ял оноов.

Л.Ю талийгаач нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлсөн байна. Түүний машинд сууж яваад амиа алдсан хүүхдийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөнөөс 96.6 сая төгрөг төлөх үлдсэн аж. Хохирогч нарын ар гэрийн сэтгэцэд учирсан хор уршиг тус бүр 99 сая төгрөг болжээ. Энэхүү нийт 396 сая төгрөгийг Л.Ю болон Сэлэнгэ аймгийн … сумын соёлын төв, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.  

0/1000