horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Оюунцэцэг: Түймрийн хохирлыг биологийн олон янз байдалд учирсан нөлөөгөөр нь үнэлэх шаардлагатай

post-img

Монгол орны ургамлын олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь тус бүс нутгийн ховор, унаган ургамал, тэдгээрийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй байна. Нөмрөгийн ДЦГ Хянганы уулсын нугат хээрийн тойрогт ордог.

Энд 763 гаруй зүйл ургамал бүртгэгдсэн байдаг. Энэ нь Монгол орны ургамлын аймгийн ойролцоогоор 26 хувийг эзэлдэг. Үүнээс 53 зүйл нь Монгол орны хэмжээнд зөвхөн тус тойрогт тархдаг бөгөөд 3 унаган, 21 завсрын унаган зүйл бүртгэгдсэн байна. Тухайлбал: Дагуур сараана (Lilium pensylvanicum), цагаан цээнэ (Paeonia lactiflora), цүндгэр цахилдаг (Iris ventricosa), Ганболдын удвал (Aquilegia ganboldii) зэрэг ховор, хамгаалах ач холбогдолтой ургамлууд ургадаг.

Гэвч эдгээр ургамлын өнөөгийн тархалт, популяцын хэмжээ, төлөв байдлын талаарх мэдээлэл тун хомс байна. Учир нь хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийн шаардлага, алслагдсан байршил, байгалийн бартаа саад зэргээс шалтгаалан тус нутагт хээрийн судалгаа тогтмол хийх боломж хязгаарлагдмал байдаг.

Иймд өмнөх судалгааны бүртгэл, цуглуулгын сан, тархалтын мэдээлэлд тулгуурлан зорилтот хээрийн судалгааг ирэх оны хавраас яаралтай зохион байгуулж, ховор ургамлын өнөөгийн тархалт, популяцын төлөв болон түймрийн дараах өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай. Энэ нь цаашдын хамгаалал, нөхөн сэргээлтийн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны ургамлын олон янз байдал, генетик нөөцийн үнэт сан юм. Түймрийн дараах хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус, биологийн олон янз байдалд учирсан нөлөөллөөр нь үнэлэх шаардлагатай.

Ургамал судлаач: Профессор Б.Оюунцэцэг, доктор Ш.Баасанмөнх, докторант Д.Мөнхтулга

0/1000