16 болон 32 настай эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хянана. Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох 16 хавтаст хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг тус шүүх С.Соёмбо-Эрдэнэ, Б.Батцэрэн,Т.Өсөхбаяр, Ч.Хосбаяр, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэхээр товложээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.6, 2.7, 2.11, 12.5 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2-т заасаар прокурор яллах дүгнэлт үйлдсэн юм.
Энэ хэрэгт холбогдсон Х.Энхсайхан 16 настай. Тиймээс уг хурлыг хаалттай хэлэлцэнэ. Х.Энхсайхан нь Ц.Дагвадоржид насанд хүрээгүй М-ийг холбон, зуучилж улмаар хүчиндэж, бэлгийн харилцаанд орох нөхцөл бүрдүүлсэн хэрэгт буруутгагдсан. Харин Ц.Дагвадоржийг 16 настай Ч.Шинэсаран охиныг хөнөөхөд нь Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хамжсан хэмээн шүүгдэгч, хохирогч статусаар анх шүүх хуралд оролцуулсан.
Эдгээр 4 шүүгдэгчид холбогдох хэргийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.01.23-ны хэлэцэж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Ц.Дагвадоржийг доорх хэргүүдэд гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон юм. Үүнд:
- Онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж 2 хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
- 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Бусдыг тодорхой үйлдэл хийхээр шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
- Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэм хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
- Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн
Үүнийг хохирогч эсэргүүцэн давж заалдсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.11-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

