Хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим Улсын дээд шүүхэд ноцтой алдагдаж байгаа талаар Ардчилсан нам өнөөдөр ээлжит “4:11 мэдээллийн цаг”-аараа мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим одоо алдагдаад байгаатай холбогдуулаад, АН мэдэгдэл гаргалаа. Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгосон Үндсэн хуультай. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан.
УИХ-ын 2022.06.03-нд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг зохицуулж байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах практик өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Хуульчдын холбооны албан бичигт дурдсанаар, урьдчилсан мэдээллээр УДШ 2024 онд 60, 2025 онд 49, давж заалдах шатны шүүх 2024 онд 705, 2025 онд 779 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Нийт 1.593 хэрэг буцаасан гэсэн мэдээлэл байна.
Төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг. Энэ бол эрхзүйт төрийн суурь зарчим.
Гэтэл аль ч хуулиар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй. Ийм байхад олон зуун хэргийг, заримыг нь бүр дахин дахин буцаасаар байгаа нь Монгол Улсад эрх зүйт төрийн үндсэн суурь зарчим, хууль дээдлэх зарчим ноцтойгоор алдагдаж байгааг илтгэж байна. Үүний бодит жишээ нь Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэг. Уг хэрэг 2022 оны сүүлчээр шүүхэд шилжсэнээс хойш 4 дэх жилдээ ч, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Эрүүгийн хэргийг дээд, доод шатны шүүх хооронд нааш цааш шилжүүлсээр байгаа нь Монгол Улсад шударгаар, зохистой хугацаанд шүүлгэх эрх, эрхзүйн тодорхой байдлыг алдагдуулж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам бүр сулруулж байна. Цаашлаад эрхзүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр УДШ-ээс анхан шатны шүүхэд дахин дахин буцааж байгаа шүүхийн практик нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг улс төрийн болон бусад зүй бус зорилгоор ашиглаж байгаа гэх үндэслэл бүхий эргэлзээг нийгэмд төрүүлж байна гэж үзэж байна.
Хууль тогтоох эрх мэдэл хуулийг баталж, шүүх эрх мэдэл хүчин төгөлдөр хуульд захирагдан хэрэгжих нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилах ёс, эрхзүйт төрийн суурь зарчим юм. Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хууль тогтоох болон хуульд захирагдах Үндсэн хуулийн, эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ дахь АН-ын бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дахин мэдэгдэж байна.

