Хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхэд ноцтой алдагдаж байгаа талаар Ардчилсан нам өнөөдөр ээлжит “4:11 мэдээллийн цаг”-аараа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Би хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг та бүхэнд харуулах гэж байгаа юм. 1-рт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай. 1-рт, шударгаар шүүлгэх. 2-рт, өөрийнхөө холбогдсон хэрэг, маргааныг нэн даруй шүүхээр хэлэлцүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх.
Гэтэл Үндсэн хуулийн энэ агуулга өнөөдөр бодит байдал дээр ерөөсөө хэрэгжихээ больсон. Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар байгаад 8, 10 жил явдаг болж хувирсан. Хугацаа нь хэмжигдэхгүй болж эхэлсэн. Шударгаар шүүлгэх эрхийн хамгийн гол агуулга болсон шударгаар шүүлгэх гэдэг энэ зарчим өөрөө эвдэгдсэн. Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан.
Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой болохоос буцаан шиддэг жонглёрчин биш. Жаахан улс төрийн дарамт ирэнгүүт хэргийг доош шидчихээд “Түүгээрээ явна биз. Надад хамаагүй” гэж арьсаа хамгаалж байна. Энэ чинь шүүхийн “шударга байх” гэдэг зарчмаас тэс өөр юм.
Та бүхэн анзаарвал, саяын дурдаж байгаа шүүхээс хэрэг, маргаан буцаадаг асуудал бол шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирсны шинж. “Би энэ маргааныг ялламаар байна. Та нар асуудлаа дутуу хийсэн учраас би буцааж байна. Та нар дахиад наадхаа жаахан нухаад өг. Дахиад бүр илүү асуудал болгоод аваад ир. Тэгээд би алхаа тогшоод өгье” гэж хэлж байгаа юм.
Энэ бол төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлан, мэтгэлцээнд үндэслэж үйл баримтыг нотолдог биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод, түүнийгээ нотлохын тулд “Та нар энийг гүйцээгээд ирээч” гэж тулгадаг шүүхийн тухай ярьж байгаа юм.
Энийг шүүх гэж хэлдэггүй. Энийг яллагч гэдэг. Энэ бол прокурорын чиг үүрэг. Монгол Улсад шүүгч биш прокурорууд шүүхийн байгууллага дотор суудаг болчихжээ.
Дээр нь дахиад энэ заалтыг та бүхэн анзаараарай. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд маш тодорхой бичсэн байгаа. “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон юм шиг байна лээ. Хууль байхгүй байсаар байтал “Бид ингэж ажилламаар байна” гэж өөрсдөө өөрсдийнхөө яаж ажиллахыг тодорхойлдог болж эхэлсэн байна.
Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх ийм хууль батлагдсан. 2017 онд шүүх хэрэг буцаадаг болгосон. 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон. Хуулиас энэ зохицуулалтыг алга болгосон. Гэтэл огт байхгүй хуулийг тэд зохиож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. “Гагцхүү хуульд захирагдана” гэдэг энэ зарчим ажиллахгүй байгаа.
Энэ өөрөө Үндсэн хуулийн зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.6-д “Хууль ёсны байх” гэдэг ийм зарчим байгаа. Хууль ёсны байх гэдэг зарчим дээр юу бичсэн байна вэ гэхээр “Хуулийн заалтыг чанд сахина” гэж бүр хатуу зааж өгсөн байгаа.
Хуулийн заалтыг чанд сахихыг биелүүлээгүй бол тэр шийдвэрийг нь хүчингүй болгоод, хариуцлага хүлээлгэнэ гэж хоёрдугаар зүйлд нь заасан байгаа. Гэтэл өнөөдөр хууль байхгүй байтал байхгүй хуулийг үндэслээд шийдвэр гаргачихсан. Тэр шийдвэрүүд хүчингүй болоогүй байна. 1700 хэрэг дээр тэр шийдвэрүүдийг гаргасан 1 ч шүүгч хариуцлага хүлээгээгүй байна. Дээд шүүхээсээ эхлээд бүх шатны шүүхэд ийм асуудал байна.
Гэтэл хууль дээр нь, цагаан дээр хараар маш тодорхой биччихсэн байна. “Хууль зөрчиж гаргасан шийдвэр, хуульгүйгээр гаргасан шийдвэр байх юм бол хүчингүй болгоно. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гээд маш тодорхой биччихсэн байна. Дээр нь доор дурдсан заалтыг та бүхэн хараарай. “Хуульд заасан журмаас гадуур хэм хэмжээ тогтоосон журам гаргавал түүнийг хориглоно” гээд биччихсэн. Гэтэл УДШ одоо хүртэл үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хэргийг хуульгүйгээр буцаасаар байна.

