Афганистанд хар тамхины түүхий эд болдог намуу цэцэг тариалахыг хориглосон Талибаны шийдвэр хэрэгжихэд хүндрэл учирч, зарим тариаланч дахин намуу тарих болжээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) хиймэл дагуулын зурагт хийсэн дүн шинжилгээ хийгээд, 2026 онд Афганистанд намуу цэцэг тариалсан талбай өмнөх оныхоос 4 дахин нэмэгдэж, 43.300 га-д хүрснийг тогтоосон байна. Гэсэн ч энэ нь хориг тавихаас өмнөх 2021 оны 177.000 га талбайгаас харьцангуй бага үзүүлэлт юм.
Афганистаны хойд хэсгийн Балх мужийн тариаланч Мохаммад Давуд өмнө нь намуу цэцгийн ургацаараа гэр бүлээ бүтэн жилийн турш тэжээдэг байжээ. Харин одоо улаан буудай, хөвөн тариалж байгаа ч орлого нь амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа аж. Тэрбээр “Бидний амьдрал сайн байсан. Одоо хүүхдүүд маань хоол тэжээлийн дутагдалд орсон” хэмээн ярьжээ.
Тариаланчдын орлого буурахад ган гачиг, усны хомсдол, хөвөнгийн үнэ унасан зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Улаан буудай тариалах нь зардлаа нөхөх төдий байгаа бол хөвөнгийн үнэ огцом буурчээ. Мөн жимс, самар зэрэг өндөр үнэтэй ургамал тариалах хувилбар нь ургац авах хүртэл олон жил шаардахаас гадна тогтвортой усалгаа, экспортын боломж шаарддаг байна.
НҮБ-ын байгууллагуудын мэдээлснээр, 2026 онд Афганистаны 34 мужийн 10-т хүүхдийн хоол тэжээлийн дутагдал ноцтой түвшинд хүрчээ. Нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2027 онд ийм мужийн тоо 14 болж нэмэгдэх эрсдэлтэй байна. Гадаадын тусламж буурсан, улс орны олон улсын харилцаа хязгаарлагдсан зэрэг нь хүндрэлд нөлөөлж байгааг дипломатууд онцолжээ.
Талибаны эрх баригчид НҮБ-ын тооцоотой санал нийлэхгүй байгаа бөгөөд намуу цэцгийн тариалсан талбайн хэмжээ тайланд дурдсанаас ойролцоогоор хоёр дахин бага гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч UNODC-ийн Афганистан дахь төлөөлөгч Поллеак Ок Сэрэй тариаланчдад хууль ёсны өөр төрлийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг хангалтгүй байгааг анхааруулжээ.
НҮБ-ын тооцоогоор, 2026 онд Афганистанд опиумын борлуулалтаас 525 сая ам.долларын орлого олсон нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Намуу цэцгийн тариалалт дахин нэмэгдэх нь Афганистанаас героин зэрэг хар тамхи нийлүүлдэг олон улсын зах зээлд нөлөөлж болзошгүй байна гэж “Reuters” агентлаг өнөөдөр мэдээллээ.


