Иргэн Б.Г “Г о” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2023.05.06-нд иргэн Б.Ө, И.Б нарт 2 тэрбум төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулжээ. Гэвч худалдан авагч Б.Ө, И.Б нар 780 сая төгрөг төлж, үлдэгдэл 1.22 тэрбум төгрөгийг төлөөгүй аж. Тэгсэн атлаа хувьцааг нь цааш бусдад шилжүүлсэн байна.
Тиймээс Б.Г тэдэнд хувьцаагаа зарахаас татгалзаж, компаниа буцаан авахаар шүүхэд ханджээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.03.25-нд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2023 оны 6 дугаар сарын 8, 7 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 14-ний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2024.03.20-ны үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах бүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, компанийн хувьцааг түүнд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.06.03-нд уг хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Харин УДШ-ийн Иргэний хэргийн танхим өнөөдөр энэ хэргийг хэлэлцээд, 2023.05.06-нд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоожээ. Гэвч худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзлээ.
Уг хувьцааг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн учраас түүнийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй болсон байна. Иймд Иргэний хуулийн 205.2-т заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж УДШ дүгнэв.
Ингээд Б.Ө, И.Б нараас хувьцаа худалдах гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 1 тэрбум 220 сая төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Г-д олгохоор шийдвэрлэжээ. Мөн 2023.06.21-ний нэмэлт гэрээнээс татгалзах шаардлагыг хариуцагч П.Н зөвшөөрсөн тул уг шүүх түүнийг батлав. Харин 2023 оны 6 дугаар сарын 8, 7 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 14-ний хувьцаа худалдах, худалдан авах болон бусад гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

