Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Олон улсын жишгийг хэрхэн харьцуулж судалсан бэ? Австрали, Япон зэрэг улс хүүхдийн насыг харгалзан, нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тогтоож байна. Эдгээр зохицуулалт амжилтад хүрсэн үү. Бусад улс хэрэгжүүлж чадахгүй байхад Монгол Улс хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Хуулийн төсөлд хориотой агуулгыг ажлын 8 цагийн дотор, хортой агуулгыг 72 цагийн дотор устгахаар тусгасан байна. Гэтэл өнөөдөр хортой мэдээлэл 8 минутын дотор ч өргөн тархах боломжтой шүү дээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгч Т.Батболд:
-Олон улсын жишгийг судлахад Япон, БНСУ, Индонез зэрэг улсад сөрөг нөлөөтэй контентыг устгах хугацааг ердийн нөхцөлд 24-72 цаг, зарим тохиолдолд 7 хоног хүртэл байхаар зохицуулсан жишээ байна. Харин шуурхай арга хэмжээ авах шаардлагатай үед Индонез 4 цаг, Малайз, Казахстан 24 цагийн хугацаа тогтоосон жишээ бий. Хуульд 8 цаг гэж заасан ч бид аль болох шуурхай ажиллахыг зорих болно.
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Хуулийн зохицуулалтыг үндэстэн дамнасан компаниуд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулах шаардлагатай. Манай талаас утасны дугаараар дамжуулан, гурван төрлийн сигнал хүргэхэд “Мета” хариу арга хэмжээ авах зохицуулалт хийсэн.
VPN-ийн асуудал зөвхөн Монгол Улсад тулгарч буй хүндрэл биш. Дэлхий дахинд шийдвэрлэхэд төвөгтэй асуудал. Бид олон улсын 40 гаруй хуулийг харьцуулан судалсан. Зарим улс 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хязгаарлаж, 14-16 насанд тодорхой нөхцөлтэйгөөр ашиглуулах зохицуулалттай байдаг.
Австралид анх 16 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах зохицуулалт хэрэгжүүлсэн. Хэтэрхий хязгаарласан гэж үзээд 13 нас болгосон. Үүний дараа өсвөр насныхны нийгмийн сүлжээний хаягтай байх үзүүлэлт 50 гаруй хувиас 42 хувь болж буурсан гэх эерэг үзүүлэлт бий. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нийгмийн сүлжээний сөрөг нөлөө, хууль бус хэрэглээний талаар ярилцах, ойлгуулах боломж нэмэгдсэн.

