НҮБ-ын албан ёсны мэдээллээр Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд анх 2002 онд Баруун Сахарт зэвсэггүй 2 цэргийн ажиглагч илгээснээр оролцож эхэлсэн байна. 2024 оны долдугаар сарын мэдээлэлд MINURSO ажиллагаанд Монголын цэргийн 4 ажиглагч үүрэг гүйцэтгэж байсныг дурджээ. Тэд Баруун Сахарын өргөн уудам нутагт байрлах ажиглалтын багийн цэгүүдэд ажиллаж байв.
35 жилийн ажиллагаа дууслаа
Баруун Сахарт НҮБ-аас явуулсан санал асуулгын ажиллагаа буюу MINURSO 1991 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 690 дүгээр тогтоолоор эхэлжээ. Тус ажиллагааны гол зорилго нь Марокко болон Полисарио фронтын хооронд гал зогсоох хэлэлцээрийг хянах, Баруун Сахарын ард иргэдийн тусгаар тогтнол эсвэл Мароккод нэгдэх эсэхийг шийдэх санал асуулгыг зохион байгуулах байв.
Гэвч санал асуулгад оролцох хүмүүсийн бүртгэл, сонгох эрхийн асуудлаар талууд тохиролцож чадаагүй тул санал асуулга өнөөдрийг хүртэл явагдаагүй юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл MINURSO-гийн мандатыг сунгах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул ажиллагааг 10 дугаар сарын 31-нд дуусгаж, 11 дүгээр сарын 1-нээс татан буулгах шатанд шилжжээ.
АНУ-ын дэмжсэн тогтоолын төслийг ОХУ хориг тавьж зогсоосон бол ОХУ-ын өргөн барьсан өөр хувилбар мөн дэмжлэг авч чадсангүй. Ингэснээр 35 жилийн турш үргэлжилсэн НҮБ-ын ажиллагаа хаагдах нөхцөл бүрджээ.
Марокко, Полисарио фронтын байр суурь
Баруун Сахарыг Марокко улс өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж, Мароккогийн бүрэн эрхийн хүрээнд автономит эрх олгох санал дэвшүүлдэг. Харин Алжирын дэмжлэгтэй Полисарио фронт Баруун Сахарыг тусгаар улс болгохыг зорьж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ажиллагаа дууссан нь Баруун Сахарын ард түмний өөртөө засан тохинох эрхийг үгүйсгэхгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр улс төрийн үйл явцыг НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистурагаар дамжуулан үргэлжлүүлэх шаардлагатайг мэдэгдсэн байна.
MINURSO-гийн үйл ажиллагаа дууссанаар тус бүс нутаг дахь гал зогсоох хэлэлцээрийг хянах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх механизмд өөрчлөлт орох эрсдэлтэй. НҮБ талуудыг тайван байдлыг хадгалж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх алхам хийхгүй байхыг уриалжээ.
Эх сурвалж: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, MINURSO, Reuters


