horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Япон улс гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний агентлаг байгууллаа

post-img

Япон улс газар хөдлөлт, үер, галт уулын дэлбэрэлт зэрэг томоохон гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл хангах, хариу арга хэмжээ болон сэргээн босголтыг нэгдсэн удирдлагаар зохицуулах Үндэсний гамшгийн удирдлагын агентлаг байгууллаа. Тус агентлаг арваннэгдүгээр сарын 2-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 350 гаруй ажилтантай байна. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи агентлагийг удирдах бол Сэргээн босголтын сайд Гоши Хосоно өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах аж.

Шинэ агентлагийг байгуулах болсон гол шалтгаан нь Японд ирээдүйд тохиолдож болзошгүй хүчтэй газар хөдлөлт, цунами болон Фүжи уулын дэлбэрэлт зэрэг гамшгийн бэлтгэлийг сайжруулах явдал юм. Тус улс 2011 оны газар хөдлөлт, цунами, Фүкүшимагийн цөмийн ослын дараа гамшгийн үед олон яам, байгууллага тус тусдаа ажилладаг тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзжээ.

Агентлаг нь гамшгаас өмнөх бэлтгэл, гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, хохирсон иргэдэд тусламж хүргэх, гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажлыг уялдуулна. Мөн орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж, нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөлийг сайжруулах, гамшгийн улмаас хүний амь нас хохирох эрсдэлийг бууруулахад анхаарах юм.

Японы эрх баригчид Нанкай тэвшийн бүсэд үүсэж болзошгүй хүчтэй газар хөдлөлт, Токио орчмын газар хөдлөлт, Фүжи уулын дэлбэрэлт зэрэг эрсдэлийг онцгойлон авч үзэж байна. Засгийн газрын тооцоогоор Нанкай тэвшийн хүчтэй газар хөдлөлт 298 мянга хүртэл хүний амь нас хохироох эрсдэлтэй. Харин Фүжи уул дэлбэрвэл 790 мянга орчим хүний амьдрал, орон байр өртөж болзошгүй гэж үзжээ.

Агентлаг байгуулагдсантай холбогдуулан иргэдийг гэрийнхээ газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг шалгах, тавилга хэрэгслээ бэхлэх, нүүлгэн шилжүүлэх байрны байршлыг мэдэх, дор хаяж гурав хоногийн ус, хүнсний нөөц бэлтгэхийг уриалсан байна.

0/1000