Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун, МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ хоёрын маргааныг Улсын дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ фэйсбүүкээр нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан хэмээн Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун шүүхэд өгсөн аж. С.Чулуун нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээж, гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаахыг Г.Мөнх-Эрдэнэд даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг Г.Мөнх-Эрдэнэ зөвшөөрөөгүй юм байна.
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2025.11.14-нд уг хэргийг хэлэлцээд, “Г.Мөнх-Эрдэнэ фэйсбүүкт нийтэлсэн постынхоо үндэслэлийг баримтаар нотолж, судлаачийн хувиар шүүмжилсэн байна. Иймд бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй. С.Чулууны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдал нотлогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
С.Чулуун үүнийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд андсан аж. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.04.15-нд “Нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр түүний ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэл бичсэн. Нэхэмжлэгч нь нийтийн зүтгэлтний хувьд хэвлэл мэдээллийн анхааралд байнга өртөх онцлогтой тул … шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй. Мөн хариуцагч нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд тодорхой баримтад тулгуурлан, санал, шүүмжээ илэрхийлсэн. Мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.

Үүнийг С.Чулуун мөн л эсэргүүцэн УДШ-д ханджээ. Улсын дээд шүүх “Г.Мөнх-Эрдэнэ нийтэлсэн мэдээллээ бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байна. Хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” хэмээн үзэж, анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, С.Чулууны талд уг асуудлыг шийдвэрлэлээ.
МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө фэйсбүүкт Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулууны талаар өмнө нь нийтэлсэн постоо залруулж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээхээр болов.

