horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Point Of Law морь Мельбурны цомын уралдаанд түрүүллээ

post-img

Австралийн хамгийн нэр хүндтэй хурдан морины уралдаан болох Мельбурны цомын 166 дахь удаагийн тэмцээнд Point Of Law морь түрүүллээ. Мягмар гарагт Флемингтон морин тойруулгад болсон 10.2 сая австрали долларын шагналын сантай уралдаанд дөрвөн настай азарга барианд өрсөлдөгчөөсөө хоёр уртын зайгаар түрүүлж оржээ.

Уралдааны эхний 2900 метрийн турш Point Of Law тайван явсан бол Royal Supremacy морь өрсөлдөгчдөөсөө 20 уртын зайгаар тасран тэргүүлж байв. Гэвч сүүлийн эргэлтээс эрчээ нэмсэн Point Of Law барианы шулуунд хурдалж, тэргүүлэгчийг гүйцэн түрүүлсэн байна.

Морийг унасан Этан Браун энэ ялалтыг гайхалтай мэдрэмж хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Royal Supremacy биднээс 20 уртын зайд тасарсан байхад тайван байж, тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэж бодсон. Сүүлийн эргэлтээс гарч, чөлөөтэй давхих боломж олдоход түүний хурд үнэхээр гайхалтай байсан” хэмээн ярьсан байна.

Уралдааны хоёрдугаар байрт Zahrann, гуравдугаар байрт Juja Kibo морьд орсноор дасгалжуулагч Сиарон Махер эхний гурван байрыг бүгдийг нь эзэлжээ. Тэрбээр 2022 онд Gold Trip морийг хамтран бэлтгэж, Мельбурны цомд түрүүлж байсан бөгөөд энэ удаа долоон морь сойсон байна.

Харин уралдааны фаворит Hopewell Rock есдүгээр байрт орсон бол эхний хэсэгт удаан хугацаанд тэргүүлсэн Royal Supremacy тавдугаар байрт шалгарчээ.

27 настай унаач Этан Браун өсвөр насандаа Австралийн алслагдсан Хойд Нутаг Дэвсгэрийн Алис-Спрингс хотоос морин спортын мөрөөдлөө биелүүлэхээр явсан аж. Тэрбээр гурван жилийн өмнө Флемингтон тойруулгад осолдож, зургаан сарын турш уралдаанаас хөндийрч байсан юм.

Эх сурвалж: Reuters

0/1000