horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийн төлөө санд 1 тэрбум 150.1 сая төгрөг төвлөрүүлжээ

post-img

Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ. ГБХНХ-ын сайдын мэдээллийг тус хороонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулав.

Хүүхдийн төлөө сангийн орлогыг улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандив, тусламжийн орлогоос бүрдүүлэхээр журамласан байна. Сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив, Дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, энэ түвшний уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулж буй аж.

Тус сангаас 2022-2025 онд зөвхөн олон улс, тив, Дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцсон хүүхдийн шагнал урамшуулал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих зардалд нийт 1 тэрбум 7.8 сая төгрөг зарцуулаад байна. Энэ онд уг санд нийт 1 тэрбум 150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Хүүхдүүдэд дэмжлэг болгож 461.5 сая төгрөг өгсөн бол 1 тэрбум 933 сая төгрөгөөр хүүхдийн өвчин, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж авчээ. “Найрамдал” зусланд урсгал засвар хийхэд 1 тэрбум 394.2 сая төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар энэ санд 26 тэрбум 782.4 сая төгрөг байна.

А.Ариунзаяа гишүүн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг идэвхжүүлэх, хандив, орлого төвлөрүүлэх ажил огт хийхгүй байгаад харамсалтай байгаагаа илэрхийлж, Авто тээврийн үндэсний төв азын дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэхгүй болгож, “хуулийн хулгай” хийснийг шүүмжлэв. Хүүхдийн төлөө санд ордог цор ганц орлого нь энэ байжээ. Тэрээр өөрийн тавьсан асуулга, түүнд ГБХНХ-ын сайдын өгсөн хариултыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав. Түүний саналыг тус хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

0/1000