“Аригбанк” ХХК иргэн Т.С-ээс зээлийн төлбөрт 108 тэрбум 336 сая 674 төгрөг 58 мөнгө гаргуулахаар шүүхэд ханджээ. Ингэхдээ уг мөнгөний оронд барьцаа хөрөнгийг нь зарах нэхэмжлэл гаргасан байна. Үүний эсрэг иргэн Т.С зээлийн гэрээний шимтгэлд суутгуулсан 900 мянган төгрөгийг тус банкнаас буцаан авахаар нэхэмжилжээ.
“Аригбанк” ХХК 2024.03.07-нд иргэн Т.С-д 90 сая төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгожээ. Гэвч Т.С 2024.10.07-ноос эхлэн зээлээ хугацаанд нь эргүүлэн төлж чадалгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээ зөрчих болсон байна.
Иймд тус банк 2026.01.15-ны байдлаар түүнээс нийт 108 сая 336 мянга 674 төгрөг 58 мөнгө гаргуулахаар шүүхэдсэн аж. Үүнийг задалбал:
- Үндсэн зээлийн үлдэгдэл 76 сая 991 мянга 822 төгрөг 58 мөнгө,
- Зээлийн үндсэн хүү 29 сая 669 мянга 822 төгрөг 68 мөнгө,
- Нэмэгдүүлсэн хүү 1 сая 675 мянга 29 төгрөг 32 мөнгө,
Зээлдэгч ийм мөнгө төлж чадахгүй учир түүний анх зээл авахдаа барьцаалсан 3 өрөө орон сууцыг авахаар банк нэхэмжилжээ.
Т.С анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 103,429,085.79 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч “Нэмэгдүүлсэн шаардлага болох 4,907,588.79 төгрөгийг төлөхгүй. Надад мэдэгдэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Банк зээл олгосны шимтгэлд 900.000 төгрөг суутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгчид илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш. Банкны тухай хуульд банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулахаар заасан байхад, зээлийн шимтгэлийг гэрээний стандарт нөхцөлөөр тогтоож авсан нь үндэслэлгүй. Уг мөнгийг буцаан авна” гэж марган, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
“Ариг” банк үүнд “Монголбанкны холбогдох журмаар зээлийн шимтгэлийн харилцааг зохицуулсан. Талууд гэрээний 1.5-д зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон тул хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.03.31-нд эл хэргийг хянан хэлэлцээд, “Талууд хоорондоо хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэн, 108,336,674.58 төгрөгийг Т.С-ээс гаргуулах, уг мөнгөний оронд 3 өрөө байрыг нь банканд олгохоор шийдвэрлэжээ.
Харин Т.С-ээс банкны авсан 900.000 төгрөгийн шимтгэлийн тухайд “Талууд гэрээний 1.5-д шимтгэлийг зээлийн дүнгийн 1 хувиар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн. Хариуцагчид илт хохиролтой, хууль бус гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Т.С үүнийг эс зөвшөөрч, давж заалджээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.27-нд уг хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. Тус шүүх “Зээлийн шимтгэл нь зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болно. Талууд гэрээгээр харилцан тохиролцсон шимтгэлийн нөхцөл нь Иргэний хуулийн 13.2, 189.1-д заасныг зөрчөөгүй” гэж дүгнэсэн байна.
Харин Т.С “Зээлийн шимтгэл авахыг үгүйсгээгүй боловч 1 хувийн шимтгэлийг ямар үндэслэл, тооцоогоор тогтоосон нь тодорхойгүй. Банк бодит зардлаа баримтаар нотлох үүрэгтэй” гэж маргажээ. Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4.1-д харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтоохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6-д банк шимтгэл, хураамжийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоохоор тус тус заасан. Гэвч эдгээр зохицуулалтад зээлийн шимтгэлийг заавал 1 хувиар тогтоох хатуу хэмжээ байхгүй. Банк өөрийн тогтоосон шимтгэлийн үндэслэл, тооцоог тайлбарлаж, нотлох үүрэгтэй” гэж Т.С үзсэн байна.
Улсын дээд шүүх 2026.11.03-нд энэ хэргийг хэлэлцээд, Т.С-ийн гомдол үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүх бүрэлдэхүүн “Зээл олгохдоо шимтгэл авахыг хууль тогтоомжоор зөвшөөрсөн. Талууд зээлийн гэрээнд шимтгэлийг 1 хувиар тооцохоор тохиролцсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш” гэж үзэв. Гэвч “Ариг” банк 900.000 төгрөгийн шимтгэлийг ямар үндэслэлээр, ямар зардал, тооцооны дагуу тогтоосноо хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй. Банк шимтгэл авах эрхтэй ч тухайн шимтгэлийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх, шаардлагатай тохиолдолд түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй.
Иймд УДШ Т.С-ээс авсан 900.000 төгрөгийг буцааж өгөхийг “Ариг” банканд даалгалаа.

