Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд дур мэдэн тавьдаг явдал МАН-ын эрх барьж буй он жилүүдэд жирийн үзэгдэл болох янзтай. Төрийн албаны зөвлөл түүнийг нь илрүүлж, хууль хэрэгжүүлэхийг шаардахаар том толгойтой сайд, дарга нарын хэн нь ч тоодоггүй юм байна. Төрийн албаны тухай хуулийг зөрчих нь, хэрэгжүүлэхгүй байх нь энэ Засгийн газрын, МАН-ын гишүүдийн ажил болжээ. ТАЗ-д ч Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх чадамж алга.
ССАЖЗ-ын сайд 2025.10.17-нд Б/43 дугаар тушаал гаргаж, Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Батхуягийг томилжээ. Гол нь Г.Батхуягаас төрийн албаны тусгай шалгалт аваагүй аж.
Тиймээс уг тушаалаа 2026.05.01-ний дотор хүчингүй болгохыг 2026.03.25-нд Төрийн албаны зөвлөл ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамд зөвлөсөн байна. Гэвч Ч.Ундрам сайдын албан тушаалаасаа буугаад, Г.Батхуягийн томилгооны асуудлыг шийдэлгүй үлдээгээд явжээ. Түүний оронд сайд болсон Ж.Алдаржавхлан ч энэ асуудлыг шийдсэнгүй.

2013-2020 онд БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд хэлтсийн даргаар ажиллаж байгаад, 2021-2025 онд БҮТ-ийн дарга болж дэвшсэн Л.Ганбатыг Л.Энх-Амгалан Боловсролын сайд болоод, яамандаа авчирч, Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын албан тушаалд тавьжээ. Ингэхдээ Л.Ганбатаас төрийн албаны тусгай шалгалт аваагүй, тэр төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй байсан аж. Энэ бол Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл.
Тиймээс үүнийг хуульд нийцүүлэхийн тулд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга 2026.06.26-нд Б/143-р тушаал гаргаж, Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын албан тушаалаас Л.Ганбатыг чөлөөлөөд, буцаан түр томилжээ. Тэр тушаал нь “Л.Ганбатыг чөлөөлж, түр томилох тухай” гэсэн толгойтой.
Энэ нь бас л Төрийн албаны тухай хууль зөрчсөн тул Төрийн албаны зөвлөл уг зөрчлийг 2026.08.14-ний дотор арилгахыг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирт 2026.07.02-нд үүрэг болгожээ. Гэвч Т.Ням-Очир уг үүргийг биелүүлсэнгүй. Л.Ганбат Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга гэдэг албан тушаалтайгаа явсаар байна.
ТАЗ ч уг үүргийг нь биелүүлсэн эсэхийг шалгасангүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 2025.10.06-нд Б/22 дугаар тушаалаараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Баянбаатарыг томилжээ.
Төрийн албаны зөвлөл үүнийг хууль бус гэж үзэн, 2026.05.01-ний дотор уг зөрчлийг арилгахыг АҮЭБ-ийн сайдад 2026.03.25-нд зөвлөжээ. Гэтэл П.Баянбаатарыг АМГТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн даргаар давхар тавьчихсан аж. Гэсэн ч үүгээр зөрчил арилаагүй тул ТАЗ 2026.06.08-нд Г.Дамдинням сайдад “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг хүргүүлж, П.Баянбаатарыг томилсон шийдвэрүүдийг ТАЗ Төрийн албаны тухай хуулийн 30.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд шууд хүчингүй болгохоо мэдэгдсэн байна. Ийн ТАЗ уг асуудлыг эрхийнхээ хүрээнд шийдэж, П.Баянбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тул АҮЭБЯ 2026.06.15-ны дотор П.Баянбаатарт уг шийдвэрийг сонсгох үүрэг хүлээжээ.

Гэсэн ч тийм юм болсонгүй. 2026.07.29-нд АМГТГ-ын дарга П.Баянбаатар “Бид баяр наадмаар 4 сарын шатахуунаа 30 хоногт хэрэглээд дуусгачихсан” хэмээн Засгийн газрын мэдээллийн танхимын индэр дээрээс мэдэгдэж байв.
Тиймээс ТАЗ 2026.07.30-нд АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямд дахин албан бичиг хүргүүлж, дээрх зөрчлийг арилгахыг шаардсан байна.

