Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга А.Б, улсын байцаагч Б.М нар ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хий хадгалах сав ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид “А…” ХХК-ийг санал болгожээ. Үүний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан байна.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 7 хоногт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх А.Б, Б.М нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 35 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав. Гэмт хэргийн замаар олсон орлого болох 162.4 сая төгрөгийг нь тэднээс гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

