Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Нөмрөгийн түймрийн асуудлыг хэлэлцжээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Нөмрөгт бага хэмжээний газар шатаагүй үлдсэн. Энд амьтад бөөгнөрсөн байна. Цас орохоос өмнө энэ амьтдад өвс тэжээл хүргэж өгөх шаардлагатай. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, үүнд зарцуулахаар боллоо. Дорнод, Сүхбаатар аймгийн засаг дарга нар энэ арга хэмжээг ойрын үед авахыг ЗГ даалгалаа.
Нөмрөгийн гүн рүү 7 цэгт өвс, тэжээл хүргэж тавихаар бэлтгэж байна. Нөмрөгт гарсан түймэрт ЗГ онцгой анхаарч байна.
Нөмрөгт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын хийсэн хээрийн судалгаа дууссан. Хуульд заасан хугацаа 30 хоног. 2026.11.16-ны дотор багтаж, эцсийн хохирлын үнэлгээг тогтоосон байх ёстой. Хуулийн хугацаа давчуу байна. Үүнд багтаж, шинжээчид ойрын хугацаанд лабораторийн шинжилгээний хариугаа гаргахаар ажиллаж байна. Нөмрөгөөс авчирсан судалгааны дээжүүдийг лабораторид шинжилж байгаа.
Түймэр унтраахад, хээрийн болон лабораторийн судалгаа хийхэд гарсан зардлыг нэгтгэж бүх хохирлын хэмжээ гарах ёстой. Үүнийг нэгтгэж байна. Ер нь Нөмрөгтэй холбоотой гарч буй бүх зардлыг хор хохиролд тооцож, түймэр тавьсан буруутнаас гаргуулна.
–Үүнээс өмнө Нөмрөгт судалгаа хийсэн үү? Түймэрт өртөөгүй үлдсэн хэдэн амьтан байгаа гэж тооцож байгаа вэ?
-2022 онд Нөмрөгт амьтны судалгаа хийж байсан. Туурайтан амьтан 14 мянга байх бололцоотой байна. Үүнтэй уялдуулж, биотехнологийн арга хэмжээний санхүү төсвийг тооцсон. Нөмрөгийн дархан газарт судлаачдыг тэр бүр оруулдаггүй гэдэг асуудал гарч байна. Цаашид мониторингийн цэг байгуулах шаардлагатай юм байна.
-Японы Засгийн газрын туслалцааг авч байгаа юу?
-Японы ЗГ нөхөн сэргээлтэд бүх талын туслалцаа үзүүлнэ гэсэн. Япон гэлтгүй бүх улсын тусламжийг авна. Өмнөд, хойд хөршийн судлаачдыг урьж оролцуулах, саналыг нь авах ажлыг ГХЯ-тай хамтран зохион байгуулж байна.
–Хандив өгье гэсэн иргэн, аж ахуйн нэгж хэр байгаа вэ?
-Хандив өгье, тусламж үзүүлье гэсэн санаачилга гарч байгаа. Дорнод аймгийн Онцгой комисст хандаж, хандив, тусламжаа өгөх боломжтой. Аймгийн Онцгой комисс сан байгуулаад, хандив, тусламж цуглуулах боломжтой.

