Европын хэд хэдэн нислэгт бөмбөг дэлбэлэх тухай заналхийлэл ирсний улмаас арваннэгдүгээр сарын 3-нд нисэх онгоцуудыг өөр нисэх буудалд буулгаж, Польшийн нэгэн нисэх буудлыг түр хугацаанд хаажээ. Гэвч шалгалтаар ямар ч тэсрэх төхөөрөмж илрээгүй байна.
Скандинавын SAS агаарын тээврийн Копенхагенаас Варшав руу ниссэн онгоц заналхийлэл хүлээн авсан ч Варшавын Шопен нисэх буудалд төлөвлөсөн ёсоороо аюулгүй газарджээ. Зорчигчдыг онгоцноос буулгасан бөгөөд нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн байна.
Мөн Лондоноос Варшав руу ниссэн LOT компанийн онгоцыг Модлин нисэх буудалд шилжүүлэн буулгажээ. Онгоцыг шалгах үеэр нисэх буудлыг түр хаасан ч тэсрэх төхөөрөмж илрээгүй тул дахин нээсэн байна.
Болгарын нийслэл София хотод Израилаас ирсэн онгоцонд цахим шуудангаар бөмбөгийн заналхийлэл ирсний дараа терроризмтой тэмцэх нэгжүүд шалгалт хийжээ. Үүнээс нэг өдрийн өмнө Лондоноос София руу ниссэн Wizz Air компанийн онгоцыг мөн заналхийллийн улмаас Унгарын Будапешт хот руу шилжүүлэн буулгасан байна.
Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Мурсия хотын нисэх буудалд Манчестерээс ирсэн Ryanair компанийн нислэгт заналхийлэл ирсний дараа зарим хэсгийг түр хаажээ. Гэвч уг мэдээлэл худал болох нь тогтоогдож, нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн сэргэсэн байна.
Эх сурвалж: Reuters


