БНХАУ-ын Шинтай хотноо болж буй даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайханы Даариймаа (16 настай) 6 хожиж, 2 тэнцэж, нийт 14 оноо авав. Энэ амжилтаараа тэр үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг тавилын өмнө аваргын болзол хангалаа. Алтан хүү” клубт олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг тэрбээр ийнхүү Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд Дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов. Тэрчлэн залуучуудын Дэлхийн аварга цолонд хүрсэн хоёр дахь даамчин (эхнийх нь 2023 онд Б.Мөнхжин) болсон. FMJD-ийн журмаар Э.Даариймаа дээрх амжилтаараа олон улсын мастер (MIF) цолны болзол хангаж байна.

Уг тэмцээний хамгийн бага нас буюу 8 хүртэлх насны охидын ангилалд “Элит” клубийн тамирчин ДМ Оюунболдын Гэгээ хүрэл медаль хүртлээ. Тэр өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байв. Тэмцээний үндсэн төрөл маргааш өндөрлөж, медалийн эзэд бүрэн тодорно.

